Австралийн интернэтийн зохицуулах байгууллага Telegram платформыг терроризмыг сурталчилсан агуулгатай хангалттай тэмцээгүй хэмээн үзэж, хуулийн дагуу арга хэмжээ авч эхэлснээ пүрэв гарагт мэдэгджээ.
Тус улсын Цахим аюулгүй байдлын комиссарын газраас мэдэгдсэнээр, “Telegram” нь террористуудын хүний амь хөнөөж буй болон олноор нь хүний амь хөнөөх гэмт хэргийн бичлэгүүдийг устгаагүй тул ийм арга хэмжээ авчээ. Австралийн хууль тогтоомжийг дагаж мөрдөөгүй тохиолдолд 54.6 сая австрали доллар (38 сая ам.доллар) хүртэлх захиргааны торгууль ногдуулдаг гэдгийг мэдэгдэлд мөн дурдсан байна.
"Бид эдгээр буруутгалыг няцааж байгаа бөгөөд шүүх дээр ч эсэргүүцсээр байх болно" гэж “Telegram”-ын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдээд, Telegram нь терроризмтой тэмцэх чиглэлд гаргаж буй хүчин чармайлтаа маш сайн баримтжуулсан байгаа. Энэ онд л гэхэд бид хэт давруу үзэлтнүүдийн мянга мянган хаягийг хаасан” гэжээ.
Шүүхэд гаргасан баримт бичигт дурдсанаар "Австралийн Telegram хэрэглэгчид 2025 оны 7-10 дугаар сарын хооронд терроризмыг сурталчилсан агуулгатай 12 пост харсан талаар гомдол гаргасан байна. Эдгээрээс гурав нь террорист үйл ажиллагаатай холбоотой болох нь тогтоогджээ. Гэвч уг платформ 10 постыг устгаагүй, мөн тэдгээрийг нийтэлсэн хэрэглэгчдийн хаягийг хаах арга хэмжээ аваагүй байна".
Telegram нь хамгийн олон татагдсан аппликейшнуудын нэг бөгөөд компанийн мэдээлснээр, сард хэрэглэдэг идэвхтэй хэрэглэгчдийнх нь тоо 1 тэрбумаас давжээ
Уг нийгмийн сүлжээг үүсгэн байгуулагч Оросын иргэн Павел Дуров 2014 онд Оросоос гарч, 2017 онд компаниа Дубай хот руу шилжүүлсэн байна. ОХУ-ын эрх баригчид лхагва гарагт Дуровыг террорист үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн хэрэгт буруутгаж, уг аппликейшнийг Украины тагнуулынхан Оросын нутаг дэвсгэрт халдлага зохион байгуулахад ашигласан гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл бичих