Францын парламент 15-аас доош насны хүүхдүүдийг сошиал сүлжээ ашиглахыг хориглосон хууль гаргаж, Мягмар гаригт /2026.07.21/ баталжээ. Ингэснээр тус улс Европын холбоонд ийм төрлийн насны хязгаар тогтоосон анхны улс болж байна. Хуулийг ерөнхийлөгч Эммануэль Макрон хүчтэй дэмжсэн аж. Тэрбээр удахгүй гарын үсэг зурснаар шинэ хичээлийн жил эхлэхээс өмнө буюу энэ оны есдүгээр сараас хэрэгжиж эхлэх юм.
Макрон санал хураалтын дараа "Энэ хичээлийн жилээс эхлэн 15-аас доош насны хүүхдүүд сошиал сүлжээ ашиглахыг хориглоно" хэмээн "X" хуудсандаа бичжээ. Тэрбээр өмнө нь "Бидний хүүхэд, өсвөр үеийнхний тархи худалдааны хэрэгсэл биш. Тэдний сэтгэл хөдлөлийг Америкийн платформ ч, Хятадын алгоритмууд ч ашиг хонжоо олохын тулд удирдах ёсгүй" гэж мэдэгдэж байсан юм.
Шинэ хуулийн дагуу "TikTok", "Instagram", "Facebook", "Snapchat", "X" зэрэг томоохон платформууд 15-аас доош насны хүүхдэд цахим хаяг нээх, ашиглах боломж олгохгүй байх үүрэг хүлээнэ.
Одоогоор хэрэглэгчдийн насыг хэрхэн баталгаажуулах нь тодорхойгүй байна. Гэхдээ Францын засгийн газар нас баталгаажуулах техникийн шийдлийг нэвтрүүлнэ гэж мэдэгджээ. Хуулийн хэрэгжилтэд Францын дижитал болон хэвлэл мэдээллийн зохицуулах байгууллага "Arcom" хяналт тавих юм.
ЯАГААД НАСНЫ ХЯЗГААР ТАВИХ БОЛСОН БЭ?
"Arcom"-ын судалгаагаар Францын 12-17 насны хүүхдүүд өдөрт дунджаар нэг цаг 21 минутыг "TikTok"-д өнгөрөөдөг байна. Мөн "TikTok"-ын алгоритм нь хамгийн хурц, сэтгэл түгшээсэн эсвэл хортой контентыг илүү түгээдэг. Энэ нь өсвөр насныхны сэтгэцийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болзошгүй гэж зохицуулагч байгууллага үзжээ.
Ерөнхийлөгч Макрон болон дэмжигчид хүүхдүүдийг донтуулах шинжтэй алгоритм, зохисгүй контентоос хамгаалахын тулд ийм арга хэмжээ авах шаардлагатай гэж тайлбарлаж байна.
Олон эцэг эх шинэ хуулийг сайшаажээ. Зургаан хүүхдийн ээж Жеральдин Делакруа "Энэ бол зөв шийдвэр. Эцэг эхийн хяналтыг хүүхдүүд үл ойшоох арга замаа олчихдог учраас ийм хууль хэрэгтэй" гэж ярьсан байна. Харин зарим өсвөр насныхан уг шийдвэрийг шүүмжилжээ. Тухайлбал, 14 настай Неля Уали "Сошиал сүлжээ зөвхөн зугаа цэнгэл биш. Бид мэдээ мэдээлэл авч, найзуудтайгаа харилцдаг. Энэ боломж хязгаарлагдана" гэж хэлсэн байна.
Мөн зарим хүүхэд ийм хоригийг тойрч гарах арга олно гэж үзэж байгаа бол хүний эрхийн байгууллагууд зөвхөн хориг тавихаас гадна сошиал платформуудын донтуулах алгоритмыг өөрчлөх шаардлагатай гэж мэдэгджээ.
Франц энэ төрлийн хязгаарлалт тогтоосон Европын холбооны анхны улс болж байгаа ч дэлхийд анхдагч биш юм.
Австрали өнгөрсөн онд 16-аас доош насныхныг сошиал сүлжээ ашиглахыг хориглосон анхны улс болсон. Их Британи ирэх оноос ижил төстэй хязгаарлалт хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа бол Испани, Грек, Дани зэрэг улс мөн насны доод хязгаар тогтоох асуудлыг хэлэлцэж байна.
ЭХ СУРВАЛЖ: CNN

Сэтгэгдэл бичих