
Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын эмч нар цээжний хөндийн битүү гэмтэл, дурангийн мэс засал, олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх орчин үеийн мэс заслын тусламж үйлчилгээг орон нутагтаа бие даан үзүүлэх бүрэн чадамжтай боллоо.
Ингэснээр осол, гэмтлийн үед иргэдийг нийслэл рүү яаралтай тээвэрлэх шаардлага буурч, амь насыг аврах хугацаанд эмчилгээ авах боломж бүрдэж байна.
Энэхүү үр дүн нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн эмч, мэргэжилтнүүдийн найман жилийн турш хэрэгжүүлсэн сургалт, хамтарсан мэс засал, алсын дуудлагын тогтолцооны бодит үр дүн юм.
Тус тасгийн хамт олон цээжний хөндийн битүү гэмтэл, дурангийн мэс засал болон олон хавирганы тогтворгүй хугарлыг бэхлэх эмчилгээг Монгол Улсад нутагшуулж, орон нутгийн эмч нарыг ажлын байран дээр нь сурган дадлагажуулж иржээ. Үүний үр дүнд улсын 21 аймаг дээрх төрлийн мэс заслын тусламжийг өөрийн эмнэлэгт бие даан үзүүлэх боломжтой болсон байна.
Хамгийн сүүлд ГССҮТ-ийн Хавсарсан гэмтлийн мэс заслын тасгийн баг Завхан аймагт алсын дуудлагаар ажиллах үеэр цээжний хөндийн битүү гэмтэл, олон хавирганы тогтворгүй хугаралтай, амь насанд аюултай байдалтай өвчтөнд яаралтай мэс заслыг Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нартай хамтран амжилттай хийсэн. Энэхүү хамтарсан мэс засал нь орон нутгийн эмч нарын ур чадварыг улам бэхжүүлж, цаашид ийм төрлийн тусламжийг өөрсдөө бие даан үзүүлэх боломжийг бүрэн бүрдүүлсэн чухал алхам болсон талаар Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээллээ.
Аймгийн Нэгдсэн эмнэлэг сүүлийн жилүүдэд нарийн мэргэжлийн мэс заслын тусламж, үйлчилгээг шат дараатай өргөжүүлж байгаа юм. Тухайлбал, 2026 онд баруун бүсэд анх удаа дурангийн аргаар гэмтлийн улмаас ажиллагаагүй болсон бөөрийг авах өндөр түвшний мэс заслыг амжилттай хийснээр өмнө нь зайлшгүй улсын төв эмнэлэгт шилжүүлдэг байсан зарим нарийн төвөгтэй тохиолдлыг аймагтаа эмчлэх боломж бүрдээд байна.
Эмч, мэргэжилтнүүдийн хэлснээр, цээжний хөндийн гэмтлийн үед эхний нэг цагийн тусламжийг "алтан цаг" хэмээн үздэг. Энэ хугацаанд шаардлагатай мэс заслыг орон нутагтаа шуурхай хийх боломж бүрдсэнээр өвчтөний амь насыг аврах, хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эдгэрэлтийн хугацааг богиносгох ач холбогдолтой юм.
Эрүүл мэндийн салбарын энэхүү хамтын ажиллагааны үр дүнд лавлагаа шатлалын эмнэлгүүдийн ачаалал буурч, алслагдсан орон нутгийн иргэд осол, гэмтлийн үед нутагтаа цаг алдалгүй, олон улсын жишигт нийцсэн мэс заслын тусламж үйлчилгээ авах боломж улам бүр нэмэгдэж байгааг салбарынхан онцолж байна.

Сэтгэгдэл бичих