Ардчилсан намын 4:11 мэдээллийн цагаар өнгөрч буй чуулганаар баталсан, санаачилсан хуулиудынхаа талаар танилцууллаа.
УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Цогтгэрэл:
-Хаврын чуулган маргааш хаалтаа хийх гэж байна. Эрх баригчид дандаа томилгоо л ярьж байна. Бүтээлч хууль бага байна. Манай намын гишүүд олон хууль санаачилж, УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Гэхдээ хэрхэн аргацааж, хуурч байгааг харж байгаа байх. Эдийн засаг, бизнесийн хуулиудыг юу ч биш болгож байна. Татварын хуулийг дорвитой өөрчлөх гэсэн боловч өөх ч биш, булчирхай ч биш болгож байна. Нийгмийн даатгалын хуулийг мөн л завхруулж байна. УИХ-ын тухай хуулийг бас л завхруулж байна. БНМАУ-ын үеийн төрийн өмчит компанийн үйл ажиллагааг нууцлан дадалж, БЭТ томилж, завхруулж байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Иргэд хөдөлмөрөө шийтгүүлж байна. Энэ шийтгэлийг багасгах гэсэн боловч дэмжсэнгүй. Г.Занданшатарын үед хувь хүний орлогын албан татварыг хөндөөгүй. Н.Учралын үед санал орж ирсэн. Дутуу дулимаг ч 2 сая хүртэлх цалинд нь 1 хувь гэж байна. Энэ бол ердөө нэг л алхам. Хэрэв бид засгийн эрхийг авбал ямагт татварыг бага байлгаж, аж ахуй нэгжүүдээ дэмжиж, төрийг бага мөнгөтэй байлгана.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан:
-Төрийн оролцоог нэмэгдүүлэх, тусгай зөвшөөрөл нэмэх, эдийн засгийг зохицуулах зүйлсийг хийж байна. Бид Монгол Улс монгол хүний идэвх, санаачлага дээр суурилах ёстой гэж үздэг. Ардын нам бол дарга нар дээр суурилдаг гэж байна. Бид цомхон төр, татварын дарамтгүй байхаар ажиллаж байгаа. Ардчиллын мөрөөдөл амилаасай. Залуучууд битгий эх орноосоо яваасай. Битгий дарга нарын цүнх бариасай гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Б.Түвшин:
-Хувь хүний бизнес эрхлэх эрхийг хангах нь чухал байсан. Бизнесийн орлого дээр тусгайлан орлого авдаг байсан. Хоёр талаас нь орлогоос нь татвар суутгадаг байсан. Чуулган завсарлахаас долоо хоногийн өмнө энэ хуулийг баталж байна. Энэ хуулийг цааш нь үргэлжлүүлнэ. Ажилтан авсныхаа төлөө байгууллага НДШ төлдөг байсан. Өөрөөр хэлбэл, торгуулдаг байсан. Социализмаас шилжсэн улсууд одоо сантай болоод одоо ингэхээ больсон. Гэтэл манайд л байсан. Одоо цаашид энэ буурна. Бидний зорилго бол татварыг бууруулъя гэж байгаа юм. Иргэд, бизнес эрхлэгчид байгууллагаас төлдөг НДШ-ийг төлөхгүй байж болох юм гэж ойлгох хэрэгтэй. Татвар, нийгмийн даатгалын хуулийн үндсэн философийг өөрчлөхгүй байгаа. Гэхдээ өөрчлөх болно.
Унаа, хоолны хөнгөлөлтөөс татвар авдаг. Цаашдаа үүнийг хөдөлгөнө.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:
-Монгол Улсад нийтдээ 900 гаруй хууль, тогтоомж хэрэгждэг. Энэ дундаа хууль, тогтоомжууд нь зөрчилтэй, буруу үр дагавартай байдаг. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох хуулийг хүчингүй болгосон. Энэ хуулийг 2019 онд ашиглан төрийн өмчит компаниуд дээр БЭТ томилдог байсан. Энэ бол асуудал байсан. Одоо БЭТ томилохгүй.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Ерөнхий сайд УИХ-ын тархин дээр сууж болохгүй, намын дарга УИХ-ыг даргалж болохгүй. Мэтгэлцээнээр мэдээлэл өгдөг болсон. Намынхаа улс төрөөс ангид байж чаддаггүй дарга нарын гайгаар сөрөг хүчний бодлого юу болдгийг та бүхэн харсан байх. УИХ-ын дарга хэн нэгний нөлөөллөөр хурлыг даргалж болохгүй. УИХ-ын дарга, Ерөнхий сайд хоёр зэрэгцэж сууж байгаад шивнэлцэж, хууль баталдаг байсан. Энэ бол мэтгэлцээн биш. Тиймээс УИХ-ын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай.

Сэтгэгдэл бичих