Л.Туул: Монгол дээл бол соёл, ёс заншлыг тээсэн үнэт өв


7-р сарын 1
17 цаг 07 минут

Үндэсний их баяр наадам айсуй. Жил бүрийн наадмаар монголчууд үндэсний хувцсаараа гоёж, өнгө өнгийн торго, хоргой, нарийн хийц бүхий дээлээрээ үндэсний өв соёлоо илэрхийлдэг уламжлалтай. Монгол дээл нь зөвхөн гоёлын хувцас бус, нүүдэлчин ахуй, төрт ёс, хүмүүжил, бэлгэдэл, ур ухааныг шингээсэн соёлын үнэт өв юм. 

Завхан аймгийн Нөмрөг сумын уугуул, үндэсний хувцас урлаач, оёдолчин Л.Туултай монгол дээлийн үүсэл хөгжил, урлах арга ухаан, хээ угалзны бэлгэдэл болон дээлтэй холбоотой ёс заншлын талаар ярилцлаа. 

“Таны үйл урлах түүх хүүхэд наснаас эхэлсэн гэж ярьдаг. Энэ сонирхол хэрхэн төрсөн бэ?”

-Би багаасаа ээж, эмээ хоёрынхоо дээл хувцас оёж, урлаж суухыг хараад ихэд сонирхдог байсан. Манай нутгийн эмэгтэйчүүд бараг бүгд уран гартай, үйлтэй хүмүүс байлаа. Тэр үеэс л “эмэгтэй хүн ямар нэгэн зүйл урлаж, оёж чаддаг байх ёстой” гэсэн ойлголт надад төлөвшсөн. Багаасаа уран хатгамал сонирхож, гар урлалын чиглэлээр ажиллах сонголтоо хийснээс хойш өдгөө 27 жил болж байна. 

Ээж, эмээ хоёр маань уламжлалт монгол оёдлыг түлхүү хийдэг байсан бол би энэ сонирхлоо мэргэжил болгож хөгжүүлэхээр 10 дугаар ангиа төгсөөд, хөдөлмөрийн багш, уран хатгамалч мэргэжлээр суралцахаар аль эрт шийдсэн юм. Ингээд их сургуульд элсэн суралцаж, дүрслэх урлаг, дизайн, уран хатгамлын чиглэлээр мэргэшиж, өнөөдөр үндэсний хувцас урлаж "Туул салон"-ыг үүсгэн байгуулаад байна.

Миний хувьд дээл оёх нь зөвхөн ажил биш, өвөг дээдсийн өв соёлыг үргэлжлүүлж буй эрхэм үүрэг гэж боддог бэлгэшээдэг. 

-Одоо ямар төрлийн дээл түлхүү урлаж байна вэ?

-Ихэнхдээ үндэсний болон загварын монгол дээл урлаж байна. Захиалга бараг тасардаггүй. Зарим үед өдөрт нэгээс хоёр дээл урлах тохиолдол ч бий. 

Хүн бүрийн биеийн онцлог өөр тул хэмжээг нь маш нарийн авч, тухайн хүндээ яг тохирсон эсгүүр гаргах шаардлагатай байдаг. Монгол дээл гэдэг хэмжээнээсээ эхлээд мөр, энгэр, эмжээр, товч, шилбэ хүртэл бүгд өөрийн гэсэн нарийн дэгтэй.

Би энэ чиглэлээр 11 жил ажиллахдаа нэг зүйлийг улам илүү ойлгосон. Жинхэнэ монгол дээл гэдэг залгаа мөргүй, уужим хормойтой байдаг. Хормой нь хүртэл үр хүүхдээ энэрэн хамгаалж, нөмөрлөн авч явахын бэлгэдэлтэй. 

-Монгол дээлийн хамгийн онцлог зүйл юу вэ?

-Монгол дээл бол зөвхөн өмсөх хувцас биш. Энэ бол монгол хүний олон зуун жилийн турш хуримтлуулсан амьдрах ухааны илэрхийлэл. Нүүдэлчин амьдрал, эрс тэс уур амьсгалд тохируулан бүтээсэн инженерийн шийдэлтэй хувцас гэж хэлж болно.

Жишээлбэл, дээлийн урт нударга нь бээлий шиг дулаацуулахын зэрэгцээ салхи, хүйтнээс хамгаална. Өргөн бүс нь бөөр, ууц нурууг хамгаалдаг. Урт хормой нь морь унахад эвтэйхэн бөгөөд аян замд явахдаа хүртэл хөнжил болгон нөмөрч унтдаг байсан. Монгол дээл өнөөдрийн хэлээр яривал олон зориулалттай, байгальд ээлтэй, хүний биеийн хөдөлгөөнд хамгийн зохицсон хувцас юм байна гэдгийг уншиж судалж, сурч, урлаж яваа энэ цаг үед ойлгож, хүндэтгэж, бэлгэшээж олон хүнд таниулж байна.   

-Монгол хувцас маш эртний түүхтэй гэдэг?

-Тийм ээ. Бид их сургуульд байхдаа дээл, хувцас урлалын талаар олон зүйлийг судалж, сурч мэддэг. Археологийн судалгаагаар хадны зураг, булш бунхнаас үзүүрсгэн нэхий дээл өмссөн дүрслэлүүд олддог. Энэ нь монголчууд эрт үеэс биеийн онцлог, байгаль цаг ууртаа тохируулсан хувцас урлаж ирснийг харуулдаг.

Мөн торго, хоргой, булган эмжээр зэрэг тансаг материалыг зөвхөн гоёлын зориулалтаар бус, тухайн хүний зэрэг зиндаа, нас, ёс заншилтай нь уялдуулан хэрэглэж ирсэн уламжлалтайг ч уншиж судалж бахархдаг юм. 

-Дээлийн хээ угалз бүр өөр өөрийн утгатай байдаг гэсэн?

-Тийм ээ. Монгол хээ бүр ерөөл, бэлгэдэлтэй.

Жишээлбэл, гинжин хээ нь эв нэгдэл, бат бөх холбоо, хүч чадлыг, цэцгэн хээ нь өсөж үржих, ариун тунгалаг амьдралыг бэлгэддэг. Үүлэн хээ нь аз жаргал, сайн сайхан, эрх чөлөөг, геометрийн дүрстэй зураасан хээ нь уул ус, мөнх оршихуй, байгалийн үзэгдлийг бэлгэддэг. 

Өвөг дээдэс маань хүүхдэд хэт олон хээтэй дээл өмсгөхөөс хүртэл цээрлэдэг байсан. Учир нь хүүхдийн хийморь, өсөлт хөгжилтэй холбоотой бэлгэдэл гэж үздэг байжээ. 

-Монголчууд дээл хувцастай холбоотой олон цээртэй ард түмэн шүү дээ?

-Тийм шүү. Дээл, бүс, малгайгаа хийморь, сүр сүлдтэй холбон үздэг.

Тиймээс дээлийн захыг гишгэхгүй, доош нь харуулж тавихгүй, бүс малгайн дээгүүр алхахгүй, малгайгаа сольж өмсөхгүй, бүсээ нар буруу ороохгүй байх зэрэг олон ёс бий.

Мөн энгэрээ задгай орхихгүй, ханцуйгаа сул унжуулахгүй, ахмад хүний өмнө хормой шуухгүй байх зэрэг нь хүнийг төлөв даруу, хүндэтгэлтэй байхад сургадаг уламжлал юм. Эдгээр нь мухар сүсэг гэхээс илүү хүний хүмүүжил, ёс суртахууныг төлөвшүүлэх соёл байсан гэж би боддог. 

-Монгол дээлийн товч хүртэл гүн утгатай байдаг талаар хүмүүс их сонирхдог болсон байна?

-Тийм ээ. Монгол дээл бол энергийн урсгалыг бэлгэдсэн хувцас гэж ярьдаг.

Тухайлбал, захны эхний товчийг "Мэргэн ухаантай яваг", дараагийн товчийг "Үйлс бүхэн дэлгэрч яваг". Суганы товчийг "Сурсан эрдмээ бүү алд", ташааны товчийг "Ядуу дорд ардаа түшиж яваарай" гэсэн ерөөл бэлгэдлээр зангидаж хийдэг байсан. Өөрөөр хэлбэл, хүн дээлээ өмсөх бүрдээ өвөг дээдсийнхээ сургааль, ерөөлийг биедээ авч явдаг гэсэн үг. 

-Сүүлийн жилүүдэд үндэсний хувцасны үнэ цэнэ хэрхэн өөрчлөгдөж байна гэж та хардаг вэ?

-Их өөрчлөгдөж байна. Залуучууд үндэсний хувцсаа илүү их өмсдөг болжээ.

Гэхдээ зөвхөн гоё харагдахын тулд биш, ямар учиртай, ямар бэлгэдэлтэйг нь мэддэг болж байгаа нь хамгийн сайхан санагддаг. Монгол дээл олон зуун жилийн турш үндсэн хэв шинжээ бараг өөрчлөлгүй хадгалж ирсэн дэлхийн цөөн уламжлалт хувцасны нэг гэдгийг уншиж судалж байхдаа мэдэж авч байсан юм. Иймээс энэ өвийг зөвхөн өмсөөд өнгөрөх бус, утга агуулга, ёс заншилтай нь хамт өвлүүлэн үлдээх нь чухал. 

-Таны хувьд монгол дээл урлахын хамгийн үнэ цэнтэй зүйл юу вэ?

-Миний хувьд монгол дээл урлана гэдэг өв соёл урлаж байна гэсэн үг.

Би зөвхөн хэмжээнд нь таарсан хувцас хийхийг зорьдоггүй. Харин тухайн хүний царай, төрх, өнгө, зан чанар, нас, хийморьт нь хүртэл зохицсон дээл бүтээхийг хичээдэг. Тиймээс оёж байгаа дээл бүрдээ чин сэтгэлээ шингээдэг. Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн энэ гайхамшигтай өв соёлыг дараагийн үедээ уламжлуулж үлдээх нь миний хамгийн эрхэм зорилго юм.

-Танд баярлалаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Л.Туул: Монгол дээл бол соёл, ёс заншлыг тээсэн үнэт өв1 цаг 34 минутын өмнөАм.доллартай харьцах иенийн ханш түүхэн доод түвшинд хүрч унав1 цаг 34 минутын өмнөХэрэгжиж эхэлсэн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын хуулийн ГОЛ ЗААЛТУУД1 цаг 36 минутын өмнөНаршихаас сэргийлэх аргууд1 цаг 38 минутын өмнөХавдар судлалын үндэсний төвд 980 сая иенийн буцалтгүй тусламжаар тоног төхөөрөмж нийлүүлнэ1 цаг 40 минутын өмнөНотариатын үйлчилгээг 100 хувь цахимд шилжүүлнэ1 цаг 41 минутын өмнөӨгөгдлийг эдийн засгийн эргэлтэд оруулах анхдагч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ1 цаг 41 минутын өмнөХүчтэй соронзон шуурга дэлхийг нөмрөх төлөвтэй байна1 цаг 42 минутын өмнөСангийн яам шүүхийн төсвийг танадгийг шийдвэрлэхийг хүсэв1 цаг 43 минутын өмнөМОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР НИЙТДЭЭ 30 ИХ НАЯДЫН ЗАРДЛЫГ БУУРУУЛСАН АМЖИЛТЫГ ГАРГАЛАА1 цаг 46 минутын өмнө"Тэтгэвэр бага тогтоогдож байна гэх гомдол маш их ирдэг"6 сар 30. 12:09Венесуэлийн иргэд Засгийн газрын тусламж удаашралтай байгаад бухимдаж байна6 сар 30. 12:08
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.