УИХ-ын гишүүд өнөөдөр /2026.06.26/ Нийслэлийн төсвийн сонсголтой холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газарт шаардлага хүргүүлэх талаар мэдээлэл хийж байна.
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал:
-УИХ-ын гишүүдийн санаачилгаар нийслэлийн төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын төслүүдийн хэрэгжилт хууль тогтоомжид нийцэж байгаа эсэх асуудлаар энэ сарын 15-16-нд Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулсан. Сонсголын үеэр хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн байж болзошгүй олон асуудал ил болсон.
Улаанбаатар хотын төсөв сүүлийн жилүүдэд огцом өсч, 28.9 их наяд төгрөгийн өртөг бүхий 16 мега төслийг хэрэгжүүлж байна. Энэ нь улсын төсвийн 80-90 хувьтай тэнцэх хэмжээний санхүүжилт учраас эрсдэл нь улсын төсөв болон эдийн засагт хүндээр нөлөөлөх магадлалтай. Тиймээс төсвийн бодлогыг эргэн харж, хяналт, тэнцлийг сайжруулах шаардлагатай.
Мөн нийслэлийн төсвийг хэн баталж, хэн хянаж байгаа асуудал анхаарал татаж байна. Төсвийг хянах үүрэгтэй төлөөлөгчид өөрсдөө түүний зарцуулалтад оролцож байгаа нь хараат бус байдлыг алдагдуулж байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Сангийн яамнаас хууль бус худалдан авалтад тулгуурлан 500 тэрбум төгрөг шилжүүлсэн асуудалд хариуцлага тооцох шаардлагатай гэсэн агуулгатай тогтоолын төсөл боловсруулсан ч дэмжигдээгүй.
Иймээс Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралд асуулга хүргүүлж байна. Үүнд, төсвийн тогтвортой байдлыг хэрхэн хангах, их наяд төгрөгөөр хэмжигдэх төслүүдийн эргэн төлөлтийг хэрхэн шийдвэрлэх, орон нутгийн төсвийн хуваарилалтыг ямар зарчмаар хийх зэрэг асуудлыг тусгасан.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
-Сонсголын үеэр нэг зүйл тодорхой ажиглагдсан. Энэ нь Монгол Улсад нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавх сул байгааг харууллаа. Нутгийн өөрөө удирдах байгууллага нь Засгийн газрын томилсон Засаг даргын нөлөөнд орж, төлөөлөгчдөө өөртөө татан төвлөрүүлж байгаа дүр зураг ажиглагдсан. Үүний улмаас иргэдийн мэдэх эрх, Үндсэн хуульд заасан нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх хэмжээ бодитоор хэрэгжихгүй байна. Нутгийн өөрөө удирдах байгууллага гэдэг бол иргэдийн төлөөлөл болохоос бус Засгийн газрын томилгоо биш. Гэтэл Засаг дарга нар өөрсдийг нь хянах ёстой төлөөлөгчдөө өөртөө татаж, төсвийн хөрөнгийг дур мэдэн зарцуулах нөхцөл бүрдүүлсэн. Нэг талдаа өөрсдийгөө нутгийн удирдлагын байгууллага гэж мэдэгддэг хэрнээ, нөгөө талдаа иргэдийг төлөөлөх учиртай ИТХ-ын төлөөлөгчид Засаг даргын талд зогсож байгаа нь эрх мэдлийн тэнцвэр алдагдсаны илрэл юм.
Мөн нэг орлогыг өмнөх онд ашиг, алдагдал нь тооцогдсон байхад үлдэгдлийг дараа жил нь дахин орлого болгон бүртгэж байгаа нь төсвийн нэгдмэл байдал, санхүүгийн сахилга батыг алдагдуулж байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-УИХ-ын үндсэн хоёр чиг үүргийн нэг нь хууль батлах, нөгөө нь хяналт шалгалт хэрэгжүүлэх явдал. Энэ нь УИХ-ын тухай хууль болон УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд тодорхой туссан байдаг. Бид чиг үүргийнхээ хүрээнд хяналт шалгалтаа хийж, цаашид авах арга хэмжээг тогтоолын төсөл болгон боловсруулсан. Гэтэл түүнийг яагаад баталж өгөхгүй байгаа нь үнэхээр том асуултын тэмдэг болж байна. Ашиг сонирхлын зөрчил байгаа учраас батлахгүй байна уу гэсэн эргэлзээ төрж байна. Ямар ч байсан бид холбогдох байгууллагуудад хандан ажиллана. Сонсголын үеэр маш олон зөрчил илэрсэн. Тухайлбал, 2024 онд нийслэлийн төсөвт дөрвөн удаа тодотгол хийсэн бол 2025 онд таван удаа тодотгол хийжээ. Энэ нь нийслэлд төсвийн төлөвлөлт хангалтгүй, бодлого тогтворгүй байсныг харуулж байна.
Мөн зураг төсөвгүй, магадлал хийгдээгүй олон арга хэмжээг санхүүжүүлсэн нь ноцтой асуудал. Миний санаж байгаагаар нийтдээ 1.5 их наяд төгрөгийн өртөгтэй төсөл, арга хэмжээ зураг төсөвгүй, магадлалгүйгээр эхэлсэн.
Энэ нь маш ноцтой асуудал бөгөөд ийм хэмжээний хөрөнгийн цаана хууль бус ашиг сонирхол, авлигын эрсдэл байгаа эсэх талаар асуулт гарч байна. Энэ асуудлыг Туулын хурдны замын төслийн төсвийг хэлэлцэх үеэр иргэд ч шүгэл үлээн анхааруулж эхэлсэн. Гэвч нийтээрээ хүчтэй эсэргүүцэж чадахгүй байгаа учраас бид Ерөнхий сайдад хандаж байна. Хэрэв хэн нэгэн хууль зөрчсөн нь тогтоогдвол заавал хуулийн хариуцлага хүлээх ёстой. "Би улс төрөөс гарлаа" гээд бүх зүйлээс бултаж болохгүй. Хэрэг хийсэн бол хуулийн өмнө хариуцлага хүлээх нь зүй ёсны зарчим юм.

Сэтгэгдэл бичих