Монгол Улсын аялал жуулчлалын салбарт тулгарч буй хамгийн том сорилт бол "жуулчдын тоо" болон түүний эдийн засагт үзүүлэх бодит үр нөлөөг нарийвчлан тооцож чадахгүй байгаа явдал юм.
Хэрэв бид дотоодын аялагчдын тоог үнэн зөв гаргаж чадвал Дэлхийн аялал жуулчлалын өрсөлдөх чадварын индексээр 20-н байраар урагшлах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл, Дэлхийн Эдийн Засгийн Форумын хамгийн сүүлийн тайланд Монгол Улс 119 орноос 85-д жагссан нь статистик мэдээллийн тодорхойгүй байдал, дотоод жуулчдын тоо дутуу байгаатай шууд холбоотой.
Өнөөг хүртэл салбарын сайдууд “нэг сая жуулчин авах” зорилтыг жил бүр дэвшүүлж ирсэн ч гадаад жуулчдын статистик мэдээлэл мөн л эргэлзээтэй хэвээр. Салбарын судлаачид “тооны араас бус, чанартай жуулчин авч, эдийн засгийн үр өгөөжийг чухалчлах” байр суурь илэрхийлдэг ч бодлого тодорхойлогчдын дэмжлэгийг хангалттай авч чадахгүй байна. Түүнчлэн хилээр нэвтэрч буй Орос, Хятад иргэдийн хэдэн хувь нь бодит жуулчин, хэд нь ажилчид болохыг ялгах аргачлал дээрээ тогтож чадаагүй.
Мөн гадагшаа аялах монголчуудын урсгал, ирж буй жуулчдын тооноос давж байгаа нь эдийн засгийн хувьд алдагдалтай нөхцөлийг бүрдүүлж байгаа тул дотоодын зах зээлээ хамгаалах, дотоод аялал жуулчлалыг дэмжих бодлого нэн шаардлагатайг харуулж байна.
АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН "ТУЛГЫН ГУРВАН ЧУЛУУ"
Аялал жуулчлалын салбар онолын хувьд дараах гурван тулгуур хэсгээс бүрддэг:
- Гадаад жуулчдын урсгал (Inbound): Гадаадаас Монголыг зорин ирж буй аялагчид.
- Гадагшаа чиглэсэн аялал (Outbound): Гадаад улс руу аялаж буй Монгол иргэд.
- Дотоодын аялал (Domestic + Internal): Улс дотроо аялж буй иргэд.
Зөвхөн гадаад жуулчны тоонд анхаарвал бид салбарынхаа нийт ашиг, алдагдлыг тооцож чадахгүй. Жишээлбэл, гаднаас ирж буй валютаас гадагшаа гарч буй валют нь даваад байвал аялал жуулчлалын салбар алдагдалтай ажиллаж байна гэсэн үг. Үүнийг тэнцвэртэй байлгахын тулд дотоодын аялал жуулчлалыг бодлогоор дэмжиж, зах зээлээ хамгаалах шаардлагатай.
Тиймээс дээрх тулгын гурван чулууны датаг нэгтгэж байж Монгол Улс аялал жуулчлалын салбараас ашиг олж байна уу, эсвэл алдагдалтай байна уу гэдгийг харж, улмаар зөв бодлого төлөвлөх боломж бүрдэнэ.
Үндэсний статистикийн хороо 2025 онд 13,260 хүнийг хамтруулсан Дотоодын аялагчдын түүвэр судалгааг анх удаа хийсэн. Үүнд:
- 2024 онд давхардсан тоогоор 3.2 сая, давхардаагүй тоогоор 1.6 сая орчим дотоодын жуулчин аялсан.
- Үүний үр дүнд 3.2 их наяд төгрөгийн эдийн засгийн эргэлт үүссэн гэжээ.
ШИНЖЛЭХ УХААНЫ ҮНДЭСЛЭЛТЭЙ СУДАЛГАА: ОНОН-БАЛЖИЙН БЦГ-ЫН ЖИШЭЭ
Бидэнд дотоодын аялагчдыг сумын түвшинд нарийвчлан тоолох боломжтойг Дэлхийн байгаль хамгаалах сангийн захиалгаар хийгдсэн нэгэн судалгаа харуулж байна. Энэ судалгааг Отгонтэнгэр их сургуулийн профессор, доктор Б.Ербахытаар ахлуулсан эрдэмтэд хийжээ. Тэд анх удаа Онон-Балжийн байгалийн цогцолбор газрын (БЦГ) орчны бүсийн таван сум болох Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адарга, Дадал, Норовлин болон Дорнод аймгийн Баян-Уул сум руу аялсан жуулчдын урсгалыг математик аргачлалаар тооцоолон гаргажээ.
Судалгааны үр дүнд Улаанбаатар хотын Налайх-Тэрэлжийн постоор нэвтэрсэн нийт зорчигчдын 209.6 мянга нь жуулчин байсныг тогтоожээ. Тэдний хөдөлгөөний чиглэлийг хөөж үзвэл:
- Биндэр чиглэлд 24.9 мянган аялагч Жаргалтхаанаас салж очсон.
- Дадал чиглэлд 21.7 мянга нь Баян-Адарга сумаар дамжин хүрсэн.
- Чингис хотоор дамжсан 184.7 мянган зорчигчийн:
- 43.5 мянга нь Баруун-Урт руу,
- 32.7 мянга нь Дорнод руу,
- 37.9 мянга нь Норовлин сумаар дамжин Дадал сумыг зорьжээ.

Сэтгэгдэл бичих