Өмнөд Солонгосын шүүх “Шинчонжи Есүсийн сүм”-ийн үүсгэн байгуулагч Ли Ман Хиг дагагчдаа улс төрийн намд гишүүн элсүүлэх хууль бус ажиллагааг зохион байгуулсан гэх хэрэгт холбогдуулан баривчлах шийдвэр гаргасныг хэвлэлүүд мэдээлжээ.
Өдгөө 95 настай Ли Ман Хиг шашны байгууллагуудыг улс төрийн үйл ажиллагаанд оролцохыг хориглодог Улс төрийн намуудын тухай хуулийг зөрчсөн, мөн мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан хэрэгт буруутгаж байгаа аж. Түүнийг томоохон сонгуулиудын өмнө хэдэн арван мянган дагагчдаа “Ард түмний хүч” консерватив намд элсэхийг зааварчилсан гэж үзэж байна.
Сөүлийн Төв дүүргийн шүүх нотлох баримтыг устгах эрсдэлтэй гэж үзэн лхагва гаргийн орой баривчлах захирамж гаргажээ. Шүүхээс энэ талаар одоогоор тайлбар өгөөгүй байна.
Лхагва гаргийн өглөө баривчлах зөвшөөрөл олгохтой холбоотой шүүх хуралд ирэхдээ Лигийн бие сул дорой харагдаж байсан бөгөөд туслахуудаа түшин алхаж байв. Тэрбээр өөрт нь тулгаж буй хэргүүдтэй холбоотой асуултуудад хариулт өгөөгүй байна.
Өөрийгөө аврагч хэмээн өргөмжилсөн Ли Ман Хи 1980-аад онд “Шинчонжи Есүсийн сүм”-ийг үүсгэн байгуулжээ. Христийн шашны олон урсгал тус байгууллагыг “тархи угаадаг сект” хэмээн тодорхойлдог.
Мөрдөн шалгах байгууллагын мэдээлснээр, 2021-2024 оны хооронд “Ард түмний хүч” намаас 2022 оны ерөнхийлөгчийн сонгууль болон 2024 оны парламентын сонгуульд нэр дэвшигчдийг дэмжүүлэхээр “Шинчонжи” сүмийн 50 мянга гаруй гишүүнийг зохион байгуулалттайгаар татан оролцуулжээ.
Өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдэж ирсэн Ли Ман Хиг уг ажиллагааны гол зохион байгуулагч байсан гэж мөрдөн шалгагчид үзэж байгаа бөгөөд эрх баригчид энэ хэргийг шашин, улс төрийн хоорондох болзошгүй хуйвалдааны жишээ хэмээн тодорхойлжээ.
“Шинчонжи” сүм 2020 онд Өмнөд Солонгост гарсан COVID-19 халдварын эхний дэгдэлтийн үеэр олны анхаарлын төвд орсон юм. Тухайн үед бүртгэгдсэн эхний тохиолдлуудын талаас илүү хувь нь тус байгууллагын дагагчидтай холбоотой байжээ.
Ли Ман Хи 2021 онд нийтийн эрүүл мэндийн тухай хууль зөрчсөн гэх хэргээр шүүгдсэн ч цагаатгагдсан байна.
Энэхүү хэрэг нь шашны байгууллагууд улс төрд нөлөөлсөн байж болзошгүй асуудлыг шалгаж буй өргөн хүрээтэй мөрдөн шалгах ажиллагааны нэг хэсэг юм. Прокурорууд мөн “Эв нэгдлийн сүм”-ийн гишүүдийг “Ардын түмний хүч” намд элсүүлэхийн тулд хандив авах замаар улстөрчидтэй холбоо тогтоосон гэх мэдээллийг шалгаж байна.

Сэтгэгдэл бичих