"NEWS" агентлаг өнгөрч буй долоо хоногт улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд өрнөж байгаа онцлох асуудлаар ярилцлага өгсөн зочдынхоо ярилцлагыг тоймлон хүргэж байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакиртай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газраас дэмжиж, УИХ-аар нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн барилаа. Ерөнхий сайдын зүгээс энэ төслөөр олон жил ярьсан тэтгэврийн шударга тогтолцооны асуудлыг эцэслэж, цэг тавина гэж мэдэгдсэн. Хуулийн төслийг боловсруулахад судалгаа тооцооллыг хэрхэн хийсэн бэ?
-Би хоёр Засгийн газар дамжин, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар 11 дэх сардаа ажиллаж байна. Ерөнхий сайд Н.Учралын хувьд 2020 оноос эхлэн нийгэм хамгаалал, нийгмийн даатгалын чиглэлээр ажиллаж байсан бол түүний өмнө ажилласан Г.Занданшатар дарга ч мөн адил нийгмийн даатгалын шинэчлэлийг хийхээр зорин ажиллаж байсан юм. Иргэдийн зүгээс тэтгэвэр, нийгмийн даатгалын асуудлыг өөрчлөх боломжтой гэж шүүмжилдэг бол зарим нь эсрэгээрээ энэ асуудалд ул суурьтай хандах ёстой гэдэг байр суурийг илэрхийлдэг.
Ахмад настнуудтай уулзаж явахад “Насаараа хөдөлмөр эрхлээд, шударга бус тэтгэвэр тогтоолгосондоо гомдолтой явдаг” тухайгаа хэлж, ярьдаг. Дан ганц ахмад настнууд гэлтгүй залуус хүртэл “Биднийг тэтгэвэрт гарах үед нийгмийн даатгалын тогтолцоо шударга болсон байх ёстой” гэж санал бодлоо илэрхийлж байна.
Энэ мэтчилэн иргэн бүр энэ асуудалд янз бүрийн байр суурийг илэрхийлж ирсэн. Мэдээж хэрэг нийгмийн шударга бус тогтолцооноос болж, хэн ч хохирох ёсгүй. Нийгмийн даатгалын шинэчлэл бол МАН эсвэл АН, ХҮН, ИЗНН-ын ярьж, шийддэг асуудал биш. Энэ нийгмийн суурь асуудал. Дэлхийн хэмжээнд төрөлт буурч, хүний насжилт нэмэгдэж байгаатай холбоотойгоор нийгмийн даатгалын шинэчлэлтийг хийж эхэлсэн. Монгол Улсад нэг жилд 80 мянга гаруй хүүхэд шинээр төрдөг байсан бол 2025 оны байдлаар 58 мянга болж буурсан үзүүлэлттэй байна. Нөгөө талдаа эмэгтэй хүний нас 20 орчим насаар нэмэгдсэн бол эрэгтэй хүний 13 насаар нэмэгдлээ.
Эдгээр үзүүлэлт нь иргэд олон жил хөдөлмөр эрхлэх боломжтой болж байгааг нь харуулж байна. Тиймээс нийгмийн суурь асуудлыг олон жил судалж, гадна дотны экспертүүдийг ажиллуулж, хуулийн төслийг боловсруулан УИХ-д өргөн барилаа.
Нийгмийн даатгалын шинэчлэлийн хүрээнд хөдөлмөрийн харилцаанд оролцож байгаа бүхий л талуудын эрх ашгийг тусгахыг хичээсэн.
Жишээлбэл, ажил олгогч, ажилтан залуус, тэтгэвэр авагчид гэх мэт бүх талыг багтаасан байх ёстой. Салбар яамнаас Монгол Улсын хөдөлмөрийн харилцааны гол бодлогыг зохицуулж байгаа учраас хэрхэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих вэ гэдэг талаас нь харах ёстой. Ингэхдээ өнөөдөр тэтгэвэр авч байгаа иргэдийнхээ нөхцөл байдлыг дордуулах ёсгүй. Мөн хөдөлмөр эрхэлж байгаа залуусын нийгэм хамгааллын асуудлыг орхигдуулахгүй байх үүднээс бүх талд боломж олгосон хувилбарыг санал болгож байна.
Дэлгэрэнгүйг https://news.mn/r/2872119/ линкээр орж уншина уу.

Сэтгэгдэл бичих