Засгийн газрын гадаад өр стратегийн баримт бичигт заасан түвшнийг давлаа


6-р сарын 20
11 цаг 55 минут

УИХ-ын чуулганы өчигдрийн /2026.06.19/нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын эдийн засаг 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр дотоодын нийт бүтээгдэхүүн 89.9 их наяд төгрөгт хүрч, эдийн засгийн өсөлт 6.8 хувьтай, инфляцийн түвшин оны эцэст 7.5 хувь, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.1 тэрбум ам.долларт хүрсэн бол гадаад худалдааны тэнцэл 4.4 тэрбум ам.долларын ашигтай гарчээ.

Нэгдсэн төсвийн 2025 оны гүйцэтгэлээр тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 30,303.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 33.7 хувь, нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 31,331.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ний 34.8 хувьд тус тус хүрч нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 1,027.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан нь ДНБ-ий 1.1 хувьтай тэнцэж байна.

Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг нэгдсэн төсвийн 2025 оны гүйцэтгэл хангаж байгаа талаар Сангийн сайд З.Мэндсайхан танилцуулж, Төсвийн тухай хуулийн 57.2 дах хэсэгт “Орон нутгийн төсвийг дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл, тухайн жилийн төсвийн хуульд нийцүүлэн алдагдалгүй төлөвлөн баталж, хэрэгжүүлнэ” гэж зохицуулсан боловч мөн хуулийн 57.3 дахь хэсэгт “Орон нутгийн төсвийн урьд оны үлдэгдлээс санхүүжүүлэх зарлагыг төсөвт тусган баталж хэрэгжүүлэх ба зарлага нь санхүүжүүлэх эх үүсвэрээсээ хэтрэхгүй байна.” гэж заасан нь төсвийн суурь тэнцэлийн тусгай шаардлагыг хангахад сөргөөр нөлөөлж байгааг дурдлаа.

2025 онд улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 18,988.0 тэрбум төгрөгт хүрч 95.9 хувийн биелэлттэй, өмнөх оны гүйцэтгэлээс 1,101.2 тэрбум төгрөгөөр буюу 5.5 хувиар буурсан бол нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 20,414.3 тэрбум төгрөг буюу 90.5 хувийн гүйцэтгэлтэй гарсан байна.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2025 онд 613 төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд 2,135.4 тэрбум төгрөгийн буюу 73 хувийн санхүүжилтийг, гадаадын зээл тусламжийн хүрээнд 116 төсөл, арга хэмжээнд 1,874.9 тэрбум төгрөгийн буюу 96 хувийн санхүүжилтийг, нийт 729 төсөл арга хэмжээнд 4,010.3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгож, энэ хүрээнд 1800 орчим аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж ажилласнаар 110.0 мянган ажлын байрыг хэвээр хадгалж, улсын хэмжээнд 490 төсөл, барилга байгууламж ашиглалтад оруулжээ.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтыг гүйцэтгэлээр бүрэн санхүүжүүлэх зарчим баримталсан байна. Харин 2025 онд ажил нь хийгдсэн боловч төсвийн орлогын биелэлттэй уялдуулж санхүүжилтийг бүрэн олгоогүй нийт 286.0 тэрбум төгрөгийн гүйцэтгэл бүхий он дамжин үргэлжлэх төсөл арга хэмжээг 2026 оны батлагдсан санхүүжилтээс олгосон байна.

Монгол Улсын зээлжих зэрэглэл 2025 онд нэмэгдэж “Эс энд Пи” агентлагаас “B+ эерэг” байсныг “BB- тогтвортой” түвшинд, “Мүүдиз” агентлагаас “В2” байсныг “B1, тогтвортой” түвшинд хүргэж, “Фитч” агентлагаас “B+, тогтвортой” түвшинд хэвээр хадгалж, зээлийн эрсдэлийн үнэлгээг нэг шат ахиулжээ.

Сангийн сайд танилцуулга хийсний дараа Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын дүгнэлтийг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн танилцуулав.

Аудитын дүгнэлтэд Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн нийт орлого ба тусламжийн дүн төлөвлөснөөс 937.6 тэрбум төгрөгөөр тасарсан болон төсвийн нийт зарлага ба цэвэр зээлийн дүн 31 их наяд 331.0 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 2.4 хувиар өссөн байгааг мэдээллээ.

Төсвийн зарлагын өсөлт улсын төсвийн урсгал зардал 4.6 хувиар, орон нутгийн төсвийн урсгал зардал 12.7 хувиар нэмэгдсэнтэй холбоотой байгааг онцолж, төсвийн суурь тэнцэл 1 их наяд 113.9 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 1.2 хувьтай тэнцэж байгаа нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-д заасан тусгай шаардлагыг хангахгүй байна гэсэн юм.

Засгийн газрын өр нэрлэсэн үнээр 35 их наяд 407.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 39.4 хувьтай тэнцэж байгаа нь бөгөөд үүний 95.7 хувь нь гадаад валютаар илэрхийлсэн өр байгаа нь стратегийн баримт бичигт тогтоосон түвшнээс давжээ.

Зарим төрлийн зардлын төлөвлөлт, гүйцэтгэлийг үнэлэхэд салбарын бодлогын хэрэгжилтэд оруулах гүйцэтгэлийн гол үзүүлэлт тодорхойлогдоогүй, хүрсэн түвшин, гаргасан зардлын үр өгөөж, гүйцэтгэсэн ажлын өртөг тооцох тогтолцоо байхгүйгээс төсвийг зарцуулахдаа арвилан хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах соёл төлөвшихгүй, төсөв тэлэх байдал ажиглагдаж байгааг Ерөнхий аудитор С.Магнайсүрэн анхааруулж, улс төрийн намуудад олгосон төрийн санхүүжилтийн зарцуулалтын зардлын ангилал, шалгуур үзүүлэлт тодорхойгүй, хууль, журмын заалт уялдаагүй, хяналт шалгалт хийх чиг үүрэг давхардалтай байгааг хэллээ.

Мөн төсвийн хөрөнгө оруулалтын 2025 оны санхүүжилтийн гүйцэтгэл 72.9 хувь, тухайн онд хэрэгжүүлж дуусгахаар төлөвлөсөн төсөл, арга хэмжээний хэрэгжилт 75.1 хувь, барилга байгууламжийн хоёр ажил тутмын нэг нь, ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах таван ажил тутмын дөрөв нь тухайн ондоо хэрэгжиж дуусалгүй дараагийн онд шилжсэн байгааг танилцуулав.

Барилгад ашигласан материалаас ялгарах хорт бодисын агууламж хүлцэх хэмжээнд байгаа эсэхийг хянах, бүртгэх, баталгаажуулах тогтолцоо бүрдээгүй байгааг тэрбээр анхааруулж, 2025 онд ашиглалтад хүлээн авсан 13 сургууль, цэцэрлэгт дотоод орчны агаарт шинжилгээ хийхэд найман барилгад формальдегид болон бензолын агууламж хүлцэх хэмжээнээс өндөр гарсныг мэдээллээ.

Төсөл, арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, ашиглалтад хүлээн авах, хөрөнгөд бүртгэх үе шат бүрд захиалагч, хяналт хэрэгжүүлэгч, хүлээн авах комисс зэрэг холбогдох байгууллага, албан тушаалтнуудын хяналт, хариуцлага сул байгаагаас шалтгаалан зураг төсөл, техникийн тодорхойлолт, ажлын даалгаврын дагуу хэрэгжихгүй байх, хугацаа хоцрох, дутуу хийгдэх, чанар, стандартын шаардлагад нийцээгүй төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх, байнгын ашиглалтад хүлээн авах, бүртгэл хийхгүй байх зэрэг алдаа, зөрчлүүд буурахгүй байгааг таслан зогсоох шаардлагатайг сануулав.

Төсвийн ерөнхийлөн захирагчдын санхүүгийн тайланд хийсэн аудитаар “Өөрчлөлтгүй” 32, “Хязгаарлалттай” 28 дүгнэлт өгсөн бөгөөд Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд  “Хязгаарлалттай”  гэсэн дүгнэлт өгчээ. Тус аудитаар Монгол Улсын Ерөнхий сайдад зургаа, Сангийн сайдад хоёр, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдад нэг, бусад төсвийн ерөнхийлөн захирагч нарт хоёр зөвлөмжийг тус тус хүргүүлсан байна.

Төсөвт тодотгол хийхдээ төсвийн хүрээний мэдэгдлийг дагуулан өөрчилж, тогтвортой байдалд эрсдэл үүсгэдэг, экспортын биет хэмжээнд найдсан төсвийн төлөвлөлт хийдэг, түүхий эдийн үнийн өсөлтийн мөчлөг үед бий болсон орлогыг хуримтлуулж төсвийн тэлэлтийг хязгаарлах орон зай бий болгоогүй, төлөвлөгдсөн төсөл, арга хэмжээг зардалтай уялдуулж баталдаггүй, цаг тухайд нь бүрэн санхүүжүүлдэггүй, үүнээс болж төсөвт ачаалал үүсгэдэг, хэрэгжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, хүрэх үр дүн тодорхойгүй, хяналт, хариуцлага сул зэрэг зөрчлүүд удаа дараа давтагдан гарсаар байгааг анхааруулав.

Мөн гадаадын дамжуулан зээлээс олон жилийн насжилттай, хугацаа хэтэрсэн, эргэн төлөлт хийгдээгүй, тооцоо нийлж баталгаажуулаагүй авлагыг хууль тогтоомжид заасны дагуу үе шаттай шийдвэрлэх шаардлагатайг санууллаа.

Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайханы танилцуулсан дүгнэлтэд эдийн засагт гарсан эерэг үр дүн төсвийн гүйцэтгэлд тусгалаа олохгүй байгааг сануулав. Төсвийн төлөвлөлт гүйцэтгэлийн зөрүү нэмэгдсээр байгааг тэрбээр анхааруулж, ялангуяа хөрөнгийн зардлын төлөвлөлт, гүйцэтгэлийн зөрүү анхаарах шаардлагатай түвшинд хүрснийг онцлов. Мөн төлөвлөлтийн алдаа нь төсвийн тодотгол хийх нөхцөл болж байгааг дүгнэн, эдийн засгийн өсөлт, татварын орлого нэг салбараас хүчтэй хамааралтай байгаа нь эрсдэг агуулж байгааг анхааруулав. Мөчлөг дагасан төсвийн бодлого макро эдийн засгийн нөлөөллийг нэмэгдүүлж, төсвийн гүйцэтгэлийн чанарыг сулруулах хүчин зүйл болж байгааг тэрбээр хэлж, хөрөнгө оруулалтыг төсвийн хэмнэлт, алдагдал бууруулах, тусгай шаардлага хангах удирдлагын арга хэрэгсэл болгож байгаад анхаарах болсныг сануулсан юм.

Орон нутгийн төсвийн зарим үзүүлэлт улсын төсвийнхөөс давж нэгдсэн төсөвт үзүүлж буй нөлөөлөл нэмэгдэж байгаад дүгнэлт хийх, төсвийн гүйцэтгэлийн үнэлгээний аргачлал, хэмжүүр, зохион байгуулалт, чанарыг сайжруулах, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийн тодорхойлох шаардлагатайг тэрбээр дурдаж, тайлагналт, ил тод байдлыг сайжруулахад цаашид онцгой анхаарч, энэ талаар бодлогын томоохон өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзсэнийг тэмдэглэлээ.

Төсвийн хуваагдал, зориулалт, төрийн өмчийн компаниудын төсөв, үр дүн, урьдчилсан төлбөр, тэдгээрийн бүртгэл, мөн Үндэсний баялгийн сангийн хуримтлалын төлөвлөгөө тасарсан, төрийн өмчийн компаниуд үндсэн чиг үүрэгтээ хамаарахгүй нийгмийн шинжтэй үйл ажиллагаанд 1.1 их наяд төгрөг зарцуулсан, төсвийн хүрээний мэдэгдлийг зөрчихгүй байх.

Засгийн газар болон Үндэсний аудитын газрын дүгнэлтүүд зөрүүтэй байгаа, татвар төлөгчдөөс 1.2 их наяд төгрөгийн татварыг урьдчилан төвлөрүүлсэн тухай, 9.1 их наяд төгрөгийн ашиглагдаагүй зээлийн үлдэгдэлд 37.6 тэрбум төгрөгийн шимтгэл төлж буй асуудалд хэн хариуцлага хүлээх, Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлээр тогтоосон үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүдийг биелүүлж ажиллах зэрэг олон чухал асуудлыг Улсын Их Хурлын гишүүд хөндсөн юм.

Засгийн газар батлагдсан хууль тогтоомжийн хүрээнд ажиллах ёстой атал эсрэгээрээ өөрийн үйл ажиллагаанд нийцүүлэхийн тулд хууль тогтоомжийг байнга өөрчилж байсан гэсэн шүүмжлэлийг УИХ-ын гишүүн Ө.Шижир хэлсэн бол Б.Мөнхсоёл гишүүн төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй төсөл, бүтээн байгуулалтын чанар, үр дүн, тэр дундаа эрүүл мэндийн байгууллагуудын барилгын чанартай холбоотой асуудлууд ч байсаар байгааг дурдаж, Үндэсний аудитын газар болон Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс олон тооны чанартай дүгнэлт, зөвлөмж гаргаж байгаа боловч тэдгээрийн хэрэгжилт хангалтгүй байгаад дүгнэлт хийж, цаашид хариуцлагын механизмыг бэхжүүлэх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийллээ.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрөлхийн болон алдагдсан чадамжийг боломжит дээд хэмжээнд сэргээх зорилтын хэрэгжилт, үр дүн хангалтгүй байгааг УИХ-ын гишүүн О.Саранчулуун ярьсан бол “Ахмадын сан” бүрдүүлэх асуудал яамдын хооронд хаягдсан, тарийн албаны 9.0 хувийн цомхотголын сөрөг үр дагаварыг бууруулах, худалдан авах ажиллагааны эрх зүйн орчныг шинэчлэх шаардлага байгааг С.Эрдэнэбат гишүүн онцлов.

Төсвийн төлөвлөлт, үр ашгийг нэмэгдүүлэх талаар бодитой шинэчлэл хийгдээгүй байгааг УИХ-ын гишүүн П.Сайнзориг шүүмжиллээ. Тэрбээр тарифын зохицуулалттай салбаруудыг үе шаттайгаар либералчлах, зах зээлийн өрсөлдөөнийг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон бол УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл төсвийн гүйцэтгэлийн хэлэлцүүлэг хангалтгүй явагддагаас төлөвлөлтийн алдаа давтагдах, төсвийг байнга тодотгох, өмнөх жилийн сургамжийг бодлогод тусгаж чадахгүй байх зэрэг үр дагавар гарч буйг анхааруулсан юм.

Мөн тэрбээр Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт сул, бүртгэгдэх ёстой мэдээллийн 55.1 хувь бүртгэгдээгүй, өмнөх онд аудитын дүгнэлтээр өгсөн зөвлөмжүүдийн 65 хувь нь бүрэн хэрэгжээгүй байгаа нь хангалтгүй дүн гэдгийг онцгойлон сануулав.

УИХ-ын гишүүн П.Наранбаяр сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг сонгон шалгаруулалтыг нээлттэй дуудлага худалдааны аргаар явуулсныг сайшааж, энэ аргыг бусад салбарт нэвтрүүлэх нь зүйтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Г.Хосбаяр 2025 онд улсын төсвөөр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилт хангалтгүй байсныг шүүмжилж, 3.0 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт төлөвлөгдсөнөөс 886 тэрбум төгрөгийн төсөл, арга хэмжээг санхүүжүүлэлгүй үлдээсэн нь хэмнэлт биш гэдгийг хэлэв.

УИХ-ын гишүүд мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлэх, урсгал зардлыг бууруулах, нийслэлийн төсвийн алдагдлыг багасгах, төсвийн сахилга батыг сайжруулах, Засгийн газрын өр, төлбөрийг зохистой хэмжээнд барих, “Эрдэнэс Монгол” нэгдлийн дотоод өрийг цэгцлэх, Оюутолгой компанийн татварын акттай холбоотой маргаан, түүнээс үүсэж болзошгүй эрсдэл, Нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын сангийн он дамжсан өр төлбөртэй холбоотй асуудлуудыг хөндсөн юм.

Монгол Улсын 2025 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын 2025 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн зарлагын хяналтын дэд хороо болон Байнгын хороодод шилжүүллээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Газар тариалангийн нутгаар хөрсөн дээр цочир хүйтрэхийг анхааруулав1 цаг 12 минутын өмнөУлсын нисэхийн тухай хуулийг батлав1 цаг 13 минутын өмнөХойд Солонгосын асуудлыг эргэн харах цаг нь болсон1 цаг 13 минутын өмнөЕрөнхийлөгчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлав1 цаг 14 минутын өмнөЭнэ сарын 21-нээс 25-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв1 цаг 15 минутын өмнөЕ-Mongolia-гаас 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг таван хэлээр авч болно1 цаг 15 минутын өмнөӨндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ1 цаг 15 минутын өмнө“Ажил олгогчийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэлийг 0.1-0.9 хувиар бууруулна“1 цаг 16 минутын өмнөЗасгийн газрын гадаад өр стратегийн баримт бичигт заасан түвшнийг давлаа1 цаг 16 минутын өмнөХэрэв салхи салхилбал тэр баялаг шүү1 цаг 17 минутын өмнөКазахстан Улстай газрын тосны салбарт хамтарна6 сар 18. 17:10Монгол Улсын төрийн шагналд математикч эрдэмтдийн онолын шинэ бүтээл нэр дэвшжээ6 сар 18. 17:09
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.