Хууль төрөхийн өмнө: Ипотекийн зээл шинэ зохицуулалттай болно


6-р сарын 12
14 цаг 38 минут

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Орон сууцжуулалтын тухай, Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банкны тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барив.

2013 онд Засгийн газраас хэрэгжүүлсэн Гол нэрийн бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах дунд хугацааны хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Барилгын яам (одоогийн Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам) хамтран  “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг баталсан. Дэд хөтөлбөрийн хүрээнд Монголбанкнаас иргэдэд 80 хүртэлх м.кв бүхий орон сууц худалдан авахад зориулсан жилийн 8 хувийн хүүтэй, 20 хүртэлх жилийн (2017 оны 3 дугаар сараас эхлэн 30 жил болгож сунгасан) хугацаатай ипотекийн зээл олгох зорилгоор, хөтөлбөрт оролцогч арилжааны банкуудад жилийн 4 хувийн хүүтэй богино хугацаат санхүүжилтийг олгож эхэлсэн байдаг. Харин одоо ипотекийн зээлийн хүү 6 хувь болсон.  2013 онд гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулах зорилготой байсан ипотекийн зээл олгож эхэлсэн бөгөөд тухай жилд гэр хорооллын айл өрх 208 мянга байсан бол өнөөдөр 230.8 мянга болж өсчээ.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛ 6-16  ХУВИЙН ХҮҮТЭЙ, УРЬДЧИЛГАА 30  ХУВЬ ХЭВЭЭР ҮЛДЭНЭ

2013 оноос ипотекийн зээл олгож эхэлснээс хойш нийтдээ  11 их наяд төгрөгийн 144 мянган өрх уг зээлд хамрагджээ. Жилд 9 мянган зээлдэгч төрөөс хэрэгжүүлж буй 6 хувий хүүтэй зээл авч, 10 мянган иргэн арилжааны банкны 18-22 хувийн хүүтэй ипотекийн зээл авч байна. Одоо хэрэгжиж байгаа 6 хувийн хүүтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэхээс гадна орон сууцны санхүүжилтийн  төрөлжсөн банк байгуулж зах зээл дээрээс 10-12 хувийн хүүтэй эх үүсвэр татаж, эх үүсвэрүүдээ холиод 6, 8, 10, 12, 14, 16 хувийн хүүтэй зээлүүд гаргахаар хуульд тусгажээ.

Зээл авсан иргэдийн:

  • Зээл авсан өрхийн дундаж орлого 3 сая төгрөгөөс дээш
  • Залуу болон бага орлоготой өрхийн хамрагдалт бага бөгөөд зээл авах үеийн нас 36
  • Зээлдэгчдийн 45 хувь нь л гэр хорооллоос орон сууцанд шилжсэн байна.

Гэвч өнөөдөр ипотекийн зээлд хамрагдах зах зээл нь эрэлтээ гүйцэж чадахгүй, ипотекийн зээлд хамрагдахын хүссэн 47 мянган иргэний хүсэлт хүлээлт үүсгээд байна. Энэ хүлээлтийг давах боломжгүй бөгөөд зээлийн хүсэлтийн хүлээгдлийг бууруулах, гэр хорооллын айл өрхийг орон сууцжуулах зорилгоор анхдагч хуулийн төслийг өргөн барьжээ.

Дундаж орлоготой иргэдэд чиглэсэн дундын сонголт бий болгох, бага орлоготой иргэдэд чиглэсэн, нийгмийн, түрээсийн орон сууцны хүртээмж бага байгаа асуудлыг шийдэх зорилготой. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд зөвхөн барилгын салбарын аж ахуйн нэгжүүдийн нуруун дээр байсан асуудлыг төрөөс зөв бодлогоор дэмжих зорилготой юм.

Мөн одоогийн 6 хувийн хүүтэй ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувь байгаа бөгөөд эдийн засагчдын хэлж буйгаар урьдчилгаа төлбөр өндөр байгаа учраас дундаас доош орлоготой иргэд ипотекийн зээлд хамрагдаж чадахгүй байгааг хэлж буй. Тэгвэл хуулийн төсөлд урьдчилгааг төрөлжсөн банктай хамтран шэйрлэх замаар…

ТӨРӨЛЖСӨН БАНК, КОРПОРАЦИ БАЙГУУЛНА

Хуулийн төсөлд мөн Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк, Үндэсний орон сууцны корпораци байгуулахаар тусгасан. Энэ хоёр байгууллага шинээр байгуулагдсанаар одоогийн НОСК, ТОСК зэрэг нэг чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг олон байгууллагуудыг татан буулгаж, нэгтгэх зорилготой. Сайд Э.Бат-Амгалангийн хэлснээр эдгээр хоёр байгууллагын аль нь ч хувийн аж ахуйн нэгжүүдтэй өрсөлдөхгүй гэдгийг тодотгож байгаа юм.  Өөрөөр хэлбэл, 2013 оноос хойш Засгийн газар болон Монголбанкнаас хамтран хэрэгжүүлж буй “Орон сууцны хөнгөлөлттэй хүүтэй зээлийн үйл ажиллагаа”-ны хүрээнд олгосон зээлийг Банкнаас худалдан авч, Ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ) гаргах үйл ажиллагаа хэрэгцүүлдэг “Монголын Ипотекийн Корпораци ОССК” ХХК-ийн үйл ажиллагаатай өрсөлдөхгүй гэдгийг салбарын сайд нь хэлж байгаа юм.

Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк нь Монголбанкны харьяа байх бөгөөд үйл ажиллагааг Банкны тухай хуульд заасан банкны ердийн үйл ажиллагаанаас тодорхой ялгаж, тусгайлсан мандаттай байхаар зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, банкнаас бусад хуулийн этгээд, иргэний мөнгөн хөрөнгийг хадгалах, банкнаас бусад этгээдэд зээл олгох, аливаа банканд давуу байдал бий болгох хэлцэл хийх, улс төрийн нам, эвсэлд хандив өгөх зэрэг үйл ажиллагааг хориглосон нь байгууллагын зорилгыг гажуудуулах, төрийн бодлогын санхүүжилтийг арилжааны бусад эрсдэлд ашиглах, сонирхлын зөрчил үүсэхээс сэргийлэх эрх зүйн хамгаалалт болно гэж төсөл санаачлагчид үзжээ. Мөн банкны 34 хувийг төр эзэмшихээр хуулийн төсөлд тусгасан бөгөөд жижиглэнгийн зээл гаргахгүй, арилжааны банкууд эх үүсвэр олж өгөх зорилготой. Орон сууцны санхүүжилтийн төрөлжсөн банк нь үнэт цаас гаргах, олон улсын болон дотоодын хөрөнгө оруулагчдаас эх үүсвэр татах, орон сууцны зээлээр баталгаажсан санхүүгийн хэрэгсэл худалдан авах замаар банкуудад санхүүжилт олгоно. Ингэснээр банкны салбарын эх үүсвэрийн хугацааны зөрүү, хөрвөх чадварын эрсдэлийг бууруулж, ипотекийн зээлийн нийлүүлэлтийг илүү тогтвортой болгох ач холбогдолтой гэжээ.

Ш.ЧИМЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хууль төрөхийн өмнө: Ипотекийн зээл шинэ зохицуулалттай болно1 цаг 36 минутын өмнөГэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно2 цагийн өмнөЗарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна2 цаг 1 минутын өмнө"ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн тал дээр хувийн хэвшлүүдэд орон зай олгоно"2 цаг 2 минутын өмнөОлон улсын музейн анхдугаар чуулганд 20 гаруй орны 55 музейн удирдлагууд оролцоно2 цаг 6 минутын өмнөМонголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ6 сар 11. 17:48"Сүүлийн 10 жилд 44 цэргийн алба хаагч амиа алджээ"6 сар 11. 17:48БНСУ-д олон жил амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө6 сар 11. 17:47Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно6 сар 11. 17:46Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно6 сар 11. 17:46“Монголын уран нугаралтын чуулга уулзалт - 2026” энэ сарын 19-нд эхэлнэ6 сар 11. 17:45504 мянган ахмадын тэтгэвэр дунджаар 215,000 төгрөгөөр нэмэгдэнэ6 сар 11. 17:44
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.