“Монголын уран нугаралтын чуулга уулзалт - 2026” энэ сарын 19-нд эхэлнэ


6-р сарын 11
17 цаг 45 минут

Нэгэн дор хэдэн зуун уран нугараач оролцсон шоуг Монголоос өөр оронд олж үзэх нь ховор билээ. Хүний биеийн уян хатан чанар, гоо зүйн илэрхийлэл болж үзэгчдийн сэтгэл зүйд гүн нөлөө, уран сайхны онцгой мэдрэмж төрүүлдэг үндэсний өвөрмөц урлагаа олон улсад сурталчлах, соёлын солилцоог өргөжүүлэх зорилготой “УЯН” Монголын уран нугаралтын чуулга уулзалтыг энэ сарын 19-21-нд Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт зохион байгуулах гэж байна.

 

Монголын уран нугаралтын чуулга уулзалтыг АНУ-ын Лас Вегас хотноо ажиллаж амьдардаг, МУГЖ Ж.Эрдэнэчимэг үүсгэн байгуулсан бөгөөд энэ удаагийн чуулганы ерөнхий зохион байгуулагчаар МУГЖ Э.Лхагва-Очир ажиллаж буй ажээ. 

 

Тус чуулга уулзалт 2023 онд АНУ-ын Лас Вегас хот, 2024 онд Улаанбаатарт, 2025 онд АНУ-ын Миннесота мужид тус тус амжилттай болж, 1000 гаруй оролцогчийг хамарч байсан юм. 

 

Монголын язгуур урлагийн өвийг хадгалан хамгаалж, хойч үедээ өвлүүлэх, цаашлаад Монгол Улсыг уран нугаралтын дэлхийн төв болгон хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулахыг зорьж буй “Монголын уран нугаралтын чуулга уулзалт 2026”-д дэлхийн өнцөг булан бүрээс уран бүтээлч, багш, суралцагчид оролцож, уран нугаралтын урлагийн түүхэн хөгжил, өнөөгийн чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнүүлэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээний илтгэл, уралдаан, баримтат кино, воркшоп сургалт, гала тоглолтыг гурван өдрийн турш цогцоор нь зохион байгуулах ажээ.

 

Энэ тухайд зохион байгуулагчид нь, "Монголын циркийн урлагийн онцлох төрөл болох уран нугаралт нь биеийн уян хатан байдал, уран сайхны илэрхийлэл, өндөр түвшний техник, ур чадварыг хослуулсан өвөрмөц урлаг юм. Тиймээс манай уран бүтээлчид “Монголын уран нугаралт” хэмээх нэр хүндийг дэлхийн циркийн тавцанд баттай тогтоож чадсан" хэмээн  өгүүлж байна.

 

Тухайлбал, МУГЖ Э.Лхагва-Очир тус чуулганы тухайд, "Монголын уран нугаралтын сургалтын онцлог нь уян хатан байдал, хүч чадал, тэсвэрийг шат дараалсан аргачлалаар хөгжүүлж, үндэсний гоо зүй, соёлын мэдрэмжийг үзүүлбэрт шингээдэгт оршино. Өдгөө энэхүү урлаг зөвхөн мэргэжлийн түвшинд бус, бүх насныханд зориулсан эрүүл мэнд, биеийн хөгжлийн чухал дасгал хөдөлгөөн болон түгэн дэлгэрч байна. Бид энэ урлагаар дамжуулан нийгэмд эерэг нөлөө, урам зоригийг түгээхийг зорьдог. Цаашид “УЯН” чуулга уулзалтыг олон улсын түвшинд улам өргөжүүлж, уран бүтээлчид, судлаачид, боловсрол болон бүтээлч салбарын төлөөллүүдийг холбосон хамтын ажиллагааны платформ болгон хөгжүүлэхийг зорьж байна” хэмээн онцолсон юм.  

 

Түүнчлэн Монголын уран нугаралтын чуулга уулзалтыг санаачлагч, МУГЖ Ж.Эрдэнэчимэг, "Ер бусын уян хатан чанар Ази, Африкийн хүн амын бүлэгт илүү их ажиглагддагийг эрдэмтэд судалгаагаар илрүүлсэн байдаг. Монголын уран нугараачдад эрч хүчтэй, тэсвэр хатуужилтай, биеийнхээ уян налархай чанарыг удаан хугацаанд хадгалах чадвар илүү заяагдсан байдгийг олон жил энэ мэргэжлээр дагнан ажилласан туршлагаасаа мэдэрсэн" хэмээн манай агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлсэн нь бий.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ1 цаг 27 минутын өмнө"Сүүлийн 10 жилд 44 цэргийн алба хаагч амиа алджээ"1 цаг 27 минутын өмнөБНСУ-д олон жил амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө1 цаг 28 минутын өмнөЭнэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно1 цаг 29 минутын өмнөГэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно1 цаг 30 минутын өмнө“Монголын уран нугаралтын чуулга уулзалт - 2026” энэ сарын 19-нд эхэлнэ1 цаг 30 минутын өмнө504 мянган ахмадын тэтгэвэр дунджаар 215,000 төгрөгөөр нэмэгдэнэ1 цаг 31 минутын өмнөХарааны бэрхшээлтэй иргэдийн маргаан хурцдаж, салбарын сайдад шаардлага хүргүүллээ1 цаг 32 минутын өмнө“Улаанбаатар Метро” төслийн II шатны худалдан авах ажиллагааг долоодугаар сард нээнэ1 цаг 33 минутын өмнөХувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ6 сар 10. 12:56Нийгмийн даатгалын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг хэлэлцэж байна6 сар 10. 12:54Махны үнэ өссөнөөс цувдай эрэлттэй болж 35000 төгрөгт хүрэв6 сар 10. 12:52
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.