Харааны бэрхшээлтэй иргэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадна цугларч, салбарын удирдлагууд болон төрөөс хэрэгжүүлж буй бодлогын талаар хоорондоо зөрүүтэй байр суурь илэрхийлж байна. Цугласан иргэд хоёр хэсэг болон зогсож нэг хэсэг нь салбарын агентлагийн даргыг ажлаас нь чөлөөлөх, бүх иргэдэд тэгш боломж олгохыг шаардаж байгаа бол нөгөө хэсэг нь өөрсдийн байгууллагын нэр хүндийг хамгаалж, сайдад шаардлага хүргүүлэхээр иржээ.
/DPI/ Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооны Монгол дахь салбар: "Төрөөс бүх хүнд тэгш боломж олгох ёстой"
Цугласан иргэдийн дундаас харааны бэрхшээлтэй нэгэн иргэн байр сууриа илэрхийллээ. Өнгөрсөн хугацаанд хараагүй иргэдийн байгууллагууд нь хараагүй иргэдийн орон байр, ажлын байрны асуудлаа шийдэж байгаа нь сайшаалтай ч, одоо салбарын хэмжээнд зарим хэсэгт нь арай илүү давуу эрх хүртээд байна гэж үзжээ.
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын даргаар ажиллаж буй н.Гэрэл гэдэг хүн бүтэн жилийн хугацаанд ажлаа хангалттай хийж чадаагүй, агентлаг болон Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн үйл ажиллагааг унагасан" хэмээн шүүмжлэв. Түүнийг ажлаас нь чөлөөлөх тухай Ёс зүйн хорооны дүгнэлт гарчихсан байхад хараагүй иргэд тэр хүнийг авч үлдэхийн тулд жагсаж буйг тэрээр буруутгаж байлаа. Салбарын яамнаас зөвхөн нэг хэсэг хүмүүст биш, гэрээсээ гарч чадахгүй байгаа хүнд бэрхшээлтэй иргэдийг ч орхигдуулалгүй, нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш эрх, тэгш бодлогоор хандах ёстой” гэж онцлов. /Тус иргэн өөрийн нэр, албан тушаалаа нууцлахыг хүсэв/
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо: "Бид хөрөнгө оруулалтаа өөрсдөө хөөцөлдөж шийдүүлсэн, бусдын боломжийг булаагаагүй"
Нөгөө талд Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төв зэрэг байгууллагын төлөөлөл байр сууриа илэрхийлж байв. Тэд өөрсдийнх нь үйл ажиллагааг үгүйсгэж, "хараагүйчүүд бусад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боломжоос хумсалж байна, хууль бусаар мөнгө завшиж байна" гэж цахим орчинд мэдээлэл тарааж буй хүмүүсийг эсэргүүцэж байгаа аж.
Иргэдээс сайдад хүргүүлэхээр зэхсэн албан шаардлагыг газрын дарга гарч ирэн биечлэн хүлээж авч, үүсээд буй асуудлуудыг хууль журмын дагуу судалж, хариу өгөхөө мэдэгдлээ
Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Б.Ганзориг үүнийг дараах байдлаар тайлбарлалаа. "Манай байгууллага 60 гаруй жилийн түүхтэй. Өнгөрсөн онд болон энэ жил бид өөрсдөө хөөцөлдөж, УИХ-ын гишүүдтэй уулзаж ярилцсаны үндсэн дээр Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төвд 4.15 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгэсэн. Гэтэл бусад хүмүүс “Хараагүйчүүдэд яагаад ингэж санхүүжилт өгөөд, бид нарт өгдөггүй юм бэ” хэмээн бухимдаж, биднийг гүтгэсэн. Нэг хэсэг нь ажлаа сайжруулчихлаа, одоо дараагийн хүмүүст хэрхэн туслах вэ гэж ярих ёстой атал харааны бэрхшээлтэй иргэдэд олгосон дэмжлэгийг шүүмжилж байна" хэмээв.
Тэд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир дараах шаардлагуудыг тавилаа.
1. Байгууллагыг гүтгэж, буруу мэдээлэл тарааж буй хүмүүсийн үйл ажиллагааг хуулийн байгууллагаар шалгуулж цэгцлэх.
2. Хараагүй хүмүүсийн хөдөлмөр, сургалт, хөгжлийн төвийн орон тоо, хүний нөөцийн асуудлыг шийдэх.
3. 2016 оноос хойш зогссон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орон сууцны хөтөлбөрийг хуулийн дагуу хэрэгжүүлэх.
4. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн менежментийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нь өөрсдөд нь гэрээгээр хариуцуулах.
Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбоо: "Адилхан бэрхшээлтэй байж нэгнээ доромжилж болохгүй"
Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн холбооны тэргүүн Д.Баатаржав үүсээд буй нөхцөл байдалд сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ. Тэрээр төрөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө анхаарч, хууль журам, агентлагтай болгосон байхад адилхан бэрхшээлтэй иргэд рүүгээ дайрч, залилан хийдэг мэтээр цахим орчинд доромжилж буйг буруутгалаа. Хараагүй иргэд хууль дүрмийн дагуу л нийгмийн хангамжийн гэрээ, зөвшөөрлөө аваад явж байгаа тул салбарын сайд гарч ирж энэ үл ойлголцлыг зогсоох, ямар байгууллагыг хэрхэн дэмжихийг бодлогоор зохицуулах шаардлагатайг хэллээ.
Яамны гадна үүссэн энэхүү нөхцөл байдал, иргэдийн талцал болон тавьж буй шаардлагуудын дараа яамны Бодлого, төлөвлөлтийн газар А.Хишигбаяр гарч ирж цугларсан иргэдтэй уулзаж, тэдний санал гомдлыг сонслоо. Иргэдээс сайдад хүргүүлэхээр зэхсэн албан шаардлагыг тэр биечлэн хүлээж авч, үүсээд буй асуудлуудыг хууль журмын дагуу судалж, хариу өгөхөө мэдэгдсэнээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадна болсон цуглаан өндөрлөлөө.
Мэдээллийг бэлтгэсэн:
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн, Сэтгүүл зүй медиа технологийн II дамжааны оюутан Б.Энэрэл

Сэтгэгдэл бичих