15 настай хүүхдийг "барилгын хог цэвэрлүүлнэ" гэж авч яваад хүнд даацын хана нураалгасны улмаас амь насаа алдсан хэрэг гарчээ


6-р сарын 9
15 цаг 12 минут

15 настай хүүхэд барилга дээр ажиллаж амь насаа алдсан хэргийн талаар талийгаачийн ар гэрийнхэн өнөөдөр мэдээлэл хийлээ. 

Осол тавдугаар сарын 18-ны 12:00 цагийн үед болсон бөгөөд ажилд авсан байгууллага насанд хүрээгүй хүүхдээр барилгын хана нураалгах ажил хийлгэсэн байна. 

13-15 насны хүүхдээр хөдөлмөр эрхлүүлэхдээ ямар ажил хийлгэж болохгүйг холбогдох хууль, журамд тусгасан байдаг. Гэвч ажилд авсан, зуучилсан байгууллага хүүхдээр барилгын хана нураалгуулсан, ингэхдээ хөдөлмөр, аюулгүй байдлыг нь хангаагүйг өмгөөлөгч П.Эрхэмбаяр хэлж байлаа. 

"Тархин тус газраа хүнд даацаар цохиулаад газар дээрээ өөд болсон гэх мэдээллийг бидэнд өгсөн" 

Талийгаачийн эгч хэлэхдээ "2026 оны тавдугаар сарын 18-нд нас барсан гэх дуудлага ирсэн.

Юунаас болж, яагаад нас барсныг тодруулахад ажил зуучилсан "Самшил" гэх компани барилгын хог цэвэрлүүлнэ гэж авч яваад хүнд даацын хана нураалгасан байсан. Үүнээс үүдэн толгойн тус газар нь хана нурж газар дээрээ амь насаа алдсан. 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газраас талийгаач "Тархин тус газраа хүнд даацаар цохиулаад газар дээрээ өөд болсон" гэх мэдээллийг бидэнд өгсөн.

Насанд хүрээгүй хүүхдийг ажилд зуучилдаг байгууллагуудыг хянаж, цаашид ийм асуудал үүсэхгүй байгаасай гэж хүсэж байна. Ажилд зуучилсан байгууллага нь хорооллын эцэст байрладаг "Самшил" гэх компани юм билээ. Ажиллуулсан газар нь хороололд байдаг Ким Баб Чонгуг гэх нэртэй газар. 

Бид дээрх хоёр компанийн төлөөлөлтэй уулзсан. Уулзаад асуудлаа хэлэхэд “Өмнө нь дөрөв, таван удаа иймэрхүү хэрэг гарч байсан" гэсэн. Хүний хүүхэд амь насаа алдсан байхад “Манайд ийм юм болж л байдаг. Байдаг л зүйл, хууль ёсоор явна” гэж ярьж болохгүй шүү дээ. Үнэхээр гомдолтой байна.

Манайхаас хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаа өгөх ёстой эсвэл тэднийхээс хөдөлмөр аюулгүй байдлын зааварчилгаа өгөх ёстой гэхчлэн хоёр компани бие бие рүүгээ хэргийг чихсэн маягтай байсан" гэлээ. 

Үргэлжлүүлэн хэлэхдээ "Дүү минь өмнө нь ажил хийж байгаагүй. Ээж нь бие муутай болохоор эм, тариаг нь авч өгөхөөр ажил хийх гэж яваад ийм осол болчихлоо. 

Уг нь барилгын хог хаягдал цэвэрлүүлнэ гэж явуулсан байгаа юм. Гэтэл очсон чинь хүнд даацын хана нураалгасан байна" гэлээ. 

"Монголд хууль журам баталдаг ч бодит амьдрал дээр хэрэгжүүлдэггүй"

Өмгөөлөгч П.Эрхэмбаяр "Насанд хүрээгүй хүүхдийг ажил зуучилдаг асуудлыг анхаарах шаардлагыг Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүүд өгөх хүсэлтийг ар гэрийнхэн гаргасан.

Өвчтэй ээжийнхээ эм тарианы мөнгийг олох гэж яваад хууль тогтоомж зөрчсөн газар ажиллаж, амь насыг нь хохироосон асуудалд ар гэрийнхэн нь туйлын гомдолтой байна.

Хүүхдүүд ажил олж хийдэг. Эрэгтэй хүүхдүүдэд олддог ажил нь барилгын ажил юм байна. Барилгын компанид ажил хийхэд цалин мөнгө өгдөггүй учраас "Самшил" гэдэг зуучлалын байгууллагаар дамжуулж байжээ. 

Хамгийн гол нь насанд хүрээгүй хүүхдээр ямар ажил хийлгэж болох юм бэ гэдгийг тодорхой заасан журмыг салбарын сайд нь баталж өгчхөөд байхад дагадаггүй. 

Монголд хууль журам баталдаг ч бодит амьдрал дээр хэрэгжүүлдэггүйгээс ийм асуудал үүсэж байна. Тэгэхээр сайдад нь энэ шаардлагыг хүргүүлж байна" гэв. 

"Хүүхдэд ямар ч заавар зааварчилгаа аюулгүй байдлын зөвлөмж өгөөгүй, хамгаалах хэрэгслээр хангаагүй байна"

Ерөнхий сайдын зөвлөх О.Батхүү "Юун түрүүнд ажил хийж яваад амь насаа алдсан хүүгийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлье. Маш харамсалтай үйл явдал болсон. 12 дугаар ангиа төгсөөгүй дөнгөж 15 настай хүүхэд ажил хийж яваад хананд дарагдаж амь насаа алдсан байна.

Эндээс харахад зуучлалын компани илтэд хууль зөрчсөн байгаа юм. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2022 оны А122 дугаар тушаал гэж бий. Үүнд 18 нас хүрээгүй хүүхдээр хийлгэж болохгүй ажлын жагсаалтыг тусгасан байдаг. Барилга, үйлдвэрийн ажлууд энэ дотор багтана. Гэтэл хүүхдийг аюултай нөхцөлд ажиллуулсан байна. Хоёрдугаарт энэ хүүхдэд ямар ч заавар зааварчилгаа аюулгүй байдлын зөвлөмж өгөөгүй, хамгаалах хэрэгслээр хангаагүй.

Бид ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа. Хэрэг явдлыг аль болох хурдан хугацаанд хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэх талаар анхаарал хандуулан ажиллана.

Зуны улирал эхэлсэнтэй холбогдуулан олон төрлийн ажил гарч байгаа. 10 жилийн хүүхэд, оюутан сурагчдаар ажил хийлгэхдээ аюулгүй байдлыг нь хангах хэрэгтэй. Хоёрдугаарт хүмүүс авч ажиллуулж байгаа компани ч хариуцлагыг ухамсарлах нь чухал. 

Хуулиараа 18 насанд хүрээгүй хүүхэд авч ажиллуулж байгаа бол заавал гуравласан гэрээ хийх ёстой. Тэр хүүхэд өөрөө бие даан шийдвэр гаргаж чадахгүй учраас эцэг эх, асран хамгаалагч нь заавал зөвшөөрч гарын үсэг зурсан байхыг шаардана.

Цаашид ийм алдаа дутагдал гарч хүний амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж ажиллана" гэдгийг хэллээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хууль төрөхийн өмнө: Ипотекийн зээл шинэ зохицуулалттай болно6 сар 12. 14:38Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно6 сар 12. 14:14Зарим нутгаар дуу цахилгаантай аадар бороо орохыг анхааруулж байна6 сар 12. 14:13"ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн тал дээр хувийн хэвшлүүдэд орон зай олгоно"6 сар 12. 14:12Олон улсын музейн анхдугаар чуулганд 20 гаруй орны 55 музейн удирдлагууд оролцоно6 сар 12. 14:08Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл "mBridge" төслийн удирдах хороонд нэгдлээ6 сар 11. 17:48"Сүүлийн 10 жилд 44 цэргийн алба хаагч амиа алджээ"6 сар 11. 17:48БНСУ-д олон жил амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөндлөө6 сар 11. 17:47Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно6 сар 11. 17:46Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно6 сар 11. 17:46“Монголын уран нугаралтын чуулга уулзалт - 2026” энэ сарын 19-нд эхэлнэ6 сар 11. 17:45504 мянган ахмадын тэтгэвэр дунджаар 215,000 төгрөгөөр нэмэгдэнэ6 сар 11. 17:44
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.