Монгол Улсын Засгийн газар, ажил олгогч болон ажилтны төлөөллийн байгууллагууд хамтран хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Энэхүү үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир тэргүүтэй салбарын сайд нар, яамдын удирдлагууд, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Э.Тамир, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, МҮХАҮТ болон холбогдох талууд оролцож, хэлэлцээрийг албан ёсоор байгуулав.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Улсын хэлэлцээрийг 1999 оноос хойш хоёр жил тутамд тогтмол байгуулж ирсэн бөгөөд нийт 11 удаа байгуулсан байна. Харин 2022 оноос хэлэлцээрийг гурван жилийн хугацаатай байгуулах болсон нь бодлогын уялдаа холбоог сайжруулах, хэрэгжилтийн үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэж байна.
Энэхүү хэлэлцээр нь Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, хөдөлмөрлөх эрхийг хангах, нийгмийн хамгааллын баталгааг бэхжүүлэх, цалин хөлсний бодлогыг боловсронгуй болгох, нийгмийн түншлэлийг шинэ шатанд гаргахад чиглэж байгаагаараа онцлог юм. Мөн хэлэлцээрийн хүрээнд хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг уялдуулах, ур чадвартай ажиллах хүчийг бэлтгэх, халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэхэд талууд хамтран ажиллахаар тусгажээ.
Талууд хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээрийн хэрэгжилтийг хангаж, жил бүр дүгнэн олон нийтэд мэдээлэх бөгөөд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын бодлогын уялдаа, үр нөлөөг сайжруулахад идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийллээ.

Сэтгэгдэл бичих