УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара Ерөнхий сайдад хаяглан асуулт тавилаа. Хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байгаа юм.
Тэрбээр "Махны үнэ өсөхөд та хүн огцруулдаг. Хүний амь нас алдсан сайддаа ямар арга хэмжээ авах вэ? Хүн төвтэй хөгжлийн бодлого хэрэгжүүлж байгаа энэ үед Баянхонгор аймгийн Зэвсэгт хүчний 339 дүгээр ангид байлдагч амь насаа алдсан байна.
2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд цэргийн албан хаагчдын аюулгүй байдал, хүний эрх, сэтгэл зүйн дэмжлэг, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх ямар арга хэмжээ авахаар тусгасан бэ?" гэв.
Түүний асуултад Ерөнхий сайд Н.Учрал "Аймаг орон нутгийн удирдлагууд хариуцлагагүй ажиллавал хэнтэй нь ч бай хариуцлага ярина. Ард түмний амьдрал, аягатай хоолоор улс төр хийж болохгүй гэсэн хатуу байр суурьтай байна.
Мах агуулгуудад нөөцөлсөн атлаа зах зээл дээр гаргахгүй байсан асуудлыг шалгах хэрэгтэй л гэж байр суурь илэрхийлсэн.
Батлан хамгаалахын салбарт өнгөрсөн хугацаанд харамсалтай үйл явдал боллоо. Би үнэхээр харамсаж байна. Батлан хамгаалахын салбарын бодлого үйл ажиллагаа, алдаатай удирдлагын дарамт шахалт, анги салбар болон төрийн тусгай албан хаагчийн буруутай үйлдэлтэй холбоотойгоор цэрэг хүү амиа алдсан нь тогтоогдвол хэн ч бай хариуцлага заавал хүлээх ёстой.
Үүнийг улс төржүүлж болохгүй. Энэ салбарт өнгөрсөн хугацаанд маш олон ажил эхлүүлсэн үү гэвэл эхлүүлсэн. Илүү сэтгэлтэй нь ажилласан гэж бодож байна. Сэтгэл зүйн бүлгүүд цэргийн ангиудад ажиллаж, зөвлөгөө өгч эхэлсэн.
Одоо хууль хяналтын байгууллагууд шалгалтын ажиллагааг хийж байна. Цаашид "Цэрэг армиа айдсаас чөлөөлье" гэдэг реформыг энэ салбарт эхлүүлэх тодорхой үүрэг чиглэлүүдийг өгсөн" гэв.
М.Нарантуяа-Нара: Та энэ салбарын сайдыг сэтгэлтэй ажилласан гэж байгаа юм уу? Энэ салбарт үеийн үед цэргүүд амиа алдаж байсан. Хоёр Засгийн газарт улиран сонгогдоод, шөнө үүрээр ажлаа сүр дуулиантай авсан. Энэ нь сэтгэлтэй ажилласан болоод хүний амь эрсэдчихсэн байгаа хэрэг үү?
Н.Учрал: Хууль хяналтын байгууллагаас ажлын хэсэг гараад шалгаж байна. Би байр сууриа хэлсэн шүү дээ. Буруутай үйлдлээс болж амиа алдсан бол хэнтэй ч хариуцлага тооцно. Цэрэг хүн амиа алдсанд үнэхээр харамсаж байна. Тийм учраас холбогдох чиглэлүүд өгсөн. Нара гишүүн та энэ асуудлыг битгий бусад асуудалтай холь. Та манай намын дотоод асуудалд битгий ор. Юунд та санаа зовдог юм?

Сэтгэгдэл бичих