УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Гадаад зээлийн ашиглалт, чанарыг дээшлүүлэх хуулийн төслийг хэлэлцэн дэмжив.
Засгийн газраас буюу Сангийн яамнаас хуулийн төслийг өргөн барьсан. Ингэхдээ УИХ-ын гишүүд эсэргүүцсэн гэх шалтгаанаар "20 минутын хот- Сэлбэ дэд төв"-ийг хуулийн төслөөс хасжээ.
Гадаад зээлийн ашиглалт, чанарыг дээшлүүлэх хуулийн төслийг УИХ хоёр дахь удаа хэлэлцэж байна. Энэ төслийг УИХ-ын гишүүдийн олонх дэмжээгүй тул Сангийн яам дахин боловсруулжээ. "20 минутын хот- Сэлбэ дэд төв"-ийг хуулийн төслөөс хасаж, өмнөх хоёр мега төслийг хэвээр нь үлдээв. Эдгээр нь
- Газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг бүрэн хангах Газрын тос боловсруулах үйлдвэр
- Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хангаж, жилд дунджаар 30.0 тэрбум төгрөгийн орлого олох боломжтой Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц юм.
Эдгээр нь Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөлд багтжээ.
Манай улсад соёрхон батлагдсан, хэрэгжүүлж буй нийт 20.9 их наяд төгрөгийн амлалтын дүн бүхий гадаад зээлийн 74 төсөл хэрэгжиж байна. Эдгээрээс 34 хувийг ашиглаж, 82 хувь нь 2026-2029 онд хэрэгжиж дуусах гэрээ, хэлэлцээртэй байгаа нь төслүүдийг ашиглалтад оруулах хэрэгцээ, шаардлагыг үүсгэжээ.

Сэтгэгдэл бичих