Ерөнхий боловсролын сургууль бол хүүхдийг хувь хүнээс бие хүн болж нийгэмшүүлж эрдэм мэдлэг, хүмүүжлийг олгодог газар билээ. Өсвөр үеийнхний суурь хүмүүжил, хандлага нь хүүхдийн ирээдүйд хэн болохыг тодорхойлох чухал суурь юм. Гэвч сүүлийн жилүүдэд сурагчдын дунд үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал газар авч, ялангуяа өсвөр насныхны дунд хурцаар тавигдах боллоо. Тухайлбал, Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн дуудлагын тоо энэхүү асуудал ямар түвшинд байгааг илэрхийлнэ. 2024-2026 оны гуравдугаар сарын 13-ныг хүртэлх хугацаанд дээрэлхэлттэй холбоотой 2,300 дуудлага бүртгэгджээ. Эдгээр дуудлагын 214-т нь сэтгэл зүйн анхан шатны зөвлөгөө өгсөн бол 2,086 хүүхдэд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн байна.
Статистикаас үзвэл, хохирогчдын, 75.4 хувь нь эрэгтэй, 24.6 хувь нь эмэгтэй байгаа бөгөөд дийлэнх нь 11-14 насны өсвөр үеийнхэн байна.
Мөн сүүлийн хоёр жилийн байдлаар улсын хэмжээнд 3,215 хүүхэд холбогдсон 2,508 гэмт хэрэг бүртгэгдэж, 5,651 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирчээ. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр болон нэг цэгийн үйлчилгээгээр 2025 онд үйлчлүүлсэн 4,695 иргэний 3,402 нь буюу дийлэнх нь хүүхэд байжээ.
Иймд, Цагдаагийн байгууллага, "И-Монгол" академи УТҮГ болон Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран “365 Эвдрээгүй ирээдүйг бүтээе” уриатай мэдээлэл, нөлөөллийн ажлыг орон даяар зохион байгуулж байна. Аяны хүрээнд, хүүхдийн аюулгүй байдалд хяналт шалгалт хийх, дээрэлхэлтийн шинжтэй үйл ажиллагаа явуулдаг цахим группуудыг хаах, эцэг эхийн үүрэг хариуцлагыг таниулах, ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөх нийгмийн соёлыг төлөвшүүлэх зэрэг олон талт үйл ажиллагааг хийж байна.
Төр болон төрийн бус байгууллагууд, хүүхдийн оролцооны байгууллагууд хамтран үе тэнгийн дээрэлхэлт болон цахим орчин дахь хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Өнгөрөгч онуудад 290 төрлийн сургалт, нөлөөллийн ажил, “Дээрэлхэлт дэлгэрэх ёсгүй” зэрэг үндэсний хэмжээний аянуудыг зохион байгууллаа. Эдгээрт давхардсан тоогоор 578,654 хүүхэд, 168,883 эцэг эх хамрагдаж, мэдлэг мэдээлэл авсан байна.
Эдгээр нөлөөллийн ажлын үр дүнд боловсролын байгууллагын орчимд үйлдэгдсэн гэмт хэрэг 2025 оны байдлаар өмнөх оны мөн үеэс 20.3 хувиар, зөрчил 11.2 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт гарчээ.
Хүүхэд бүрийн өсөж буй орчин, амьдралын хэв маяг болон бие бялдрын хөгжил харилцан адилгүй. Хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн уур амьсгал, найз нөхдийн хүрээлэл хамгаас хүчтэй нөлөөлдөг. Хэн нэгэн бусдаас өөр, өвөрмөц байсныхаа төлөө гадуурхагдах, дарамт шахалтад өртөх нь зүй бус юм. Хүүхэд бүр тэгш эрхтэй, хүндэтгэлтэй орчинд өсөж торинох ёстой бөгөөд энэхүү эвдрээгүй ирээдүйг бүтээхэд томчуудын оролцоо, хариуцлага хамгаас чухал билээ.

Сэтгэгдэл бичих