

Халамжаас хөдөлмөрт хөтөлбөрийн талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Бауыржанаас тодрууллаа.
Тэрбээр "Халамж авч буй иргэдийн тоо давтамжтай байдлаар 2.3 сая орчимд хүрч, тодорхой хэмжээгээр халамжийн системтэй холбогдож байна. Гэхдээ хүүхдийн мөнгө авч буй иргэдийг халамж авч байна гэж ойлгож болохгүй. Халамж авч буй иргэдийг хөдөлмөр эрхлэлтэд зуучлах зорилтот бүлэгтэй ажиллаж байгаа. Энэ хүрээнд тодорхой бэрхшээлүүд тулгарч байна. Нийгэмд “хэрэв тухайн хүн хөдөлмөр эрхлэх боломжтой байсан бол анхнаасаа халамж авахгүй байх байсан” гэх ойлголт түгээмэл байна. Эхний ээлжинд 5 мянган өрхийг хамруулахаар төлөвлөхөд нэг аймаг, дүүргээс дунджаар 150–200 өрхийг хамруулах боломжтой гэж үзсэн. Судалгаагаар эдгээр иргэдийн дунд хөдөлмөр эрхлэх хүсэл, сонирхол байгаа нь ажиглагдсан. Өнөөдрийн байдлаар халамжаар олгож буй тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээ амьжиргаанд бүрэн хүрэлцэхгүй байгаа тул иргэдийн хувьд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрт хамрагдах сонирхол нэмэгдэж байна.
Гэвч ажилд зуучлах явцад дараах асуудлууд тулгарч байна. Үүнд:
- Ажлын байранд нарийн мэргэжил, ур чадвар шаардагдах
- Олон жил хүүхдээ асарч, хөдөлмөр эрхлэлтийн завсарлага авсан иргэдийн тохиолдол
- Хөгжлийн бэрхшээлтэй болон ахмад настнуудын оролцоо
- Залуучуудын хувьд ажлын байрны нөхцөл, хандлага, цалин хөлс нь сэтгэл ханамжид хүрэхгүйгээс шалтгаалан ажлаа ойр ойрхон солих, тогтворгүй ажиллах явдал
Эдгээр асуудлыг шат дараатайгаар шийдвэрлэхийн тулд ажил олгогч болон ажил хайгч иргэдийн эрэлт, нийлүүлэлтийн зөрүүг багасгах чиглэлээр хамтран ажиллаж байна.
Мөн 21 аймаг, 9 дүүрэгт сургагч багш нарыг бэлтгэсэн бөгөөд энэ ажлыг аймаг, дүүргийн удирдлагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Иргэний нийгмийн байгууллагууд ч мөн хамтран оролцож, зохион байгуулалтыг дэмжин ажиллаж байна" гэлээ.
НИЙГМИЙН ХАЛАМЖ ХЭРЭГЦЭЭ ШААРДЛАГАТАЙ ХҮНДЭЭ ХҮРДЭГ БАЙХ ЁСТОЙ
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Энхбаяр халамжийн тогтолцооны талаар тайлбарлахдаа “Монгол Улсад нийгмийн халамжаас хүртэж буй иргэдийн асуудал болон цаашид халамжийн тогтолцоог ямар чиглэлд хөгжүүлэх талаар хэлэлцлээ. Энэ бол олон жилийн турш яригдаж ирсэн чухал асуудал юм. Халамжийн тухай хуульд өнгөрсөн хугацаанд гурван удаа шинэчилсэн найруулга хийсэн. Хэдийгээр улсын төсөв, орлого, экспорт өсөж байгаа ч шийдвэрлэх шаардлагатай олон асуудал байсаар байна. Үүний нэг нь ажилгүйдэл, ядуурал, мөн халамж хүртэж буй иргэдийн тоо юм.
Нийгмийн халамж оновчтой, зорилтот бүлэгтээ хүрдэг байх ёстой. Хэрэгцээтэй хүндээ хүрэх тогтолцоог бүрдүүлэх нь чухал. Үүнийг тодорхойлох аргачлал нь нэлээд нарийн төвөгтэй байдаг. Сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд орлогыг оролцуулан тооцох аргачлалыг хэрэгжүүлж ирсэн. Дэлхийн банкнаас уг аргачлалыг цаашид улам сайжруулан хэрэгжүүлэх зөвлөмж өгсөн.
Өнгөрсөн жилийн хувьд олон хүчин зүйлээс шалтгаалан халамжийн тогтолцоо нэлээд өргөжсөн. Нийт зардал нь 2.1 их наяд төгрөгт хүрсэн. Цаашид олон улсын байгууллагуудын зөвлөмжийн дагуу уг тогтолцоог оновчтой болгох, хамрагдагчдын тоог тогтвортой байлгах нь чухал байна. Халамжид хэт хамааралтай тогтолцоо байж болохгүй. Үүнийг бууруулахын тулд халамжийн давхардлыг арилгаж, 41 төрлийн халамжийг 20 төрөл болгон цөөрүүлэхээр төлөвлөж байна. Мөн цаашид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогыг хамтад нь хэрэгжүүлэх шаардлагатай. Жишээлбэл, халамж авч байсан өрхийн гишүүд ажил эрхэлж эхэлбэл хөдөлмөрийн зах зээлд оролцохыг нь урамшуулах тогтолцоо бүрдүүлэх хэрэгтэй” гэв.

Сэтгэгдэл бичих