Монголын утга зохиолын тэнгэрт тод од болон гэрэлтсэн их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наадам нь уран үгийн шимийг эрхэмлэгч түмний сэтгэлд эгшиглэн хүрэх, оюуны их баяр болон зохион байгуулагдах гэж байна.
Энэхүү наадмыг Завхан аймгийн нутгийн зөвлөл санаачлан, “Явуухулан” сан болон “Мөнх Огторгуйн Чимэг” төв хамтран зохион байгуулж, яруу найргийн уянгат аялгууг тэнгэрт өргөн, залуу авьяастнуудыг дэмжин, монгол хэлний яруу тансаг өвийг түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой юм.
“Мөнгөн хазаарын чимээ” хэмээх нэрнээсээ эхлээд л адууны төвөргөөн, тал нутгийн салхины эгшиг, эх хэлний яруу тансаг өнгө аясыг санагдуулам энэ наадам нь зөвхөн уралдаан төдий бус, үе үеийн яруу найрагчдын оюуны залгамж холбоог бататгах, утга зохиолын үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх уран бүтээлийн их чуулган байх болно.
Тэнгэрлэг уянгын эзэн Явуухулангийн нэрийг мөнхөлсөн энэ наадамд оролцогч бүрийн үгс мөнгөн хазаарын жингэнээ мэт цангинаж, сонсогч олны сэтгэлд урлагийн ариун гал бадраах болтугай.
Завхан аймгийн нутгийн зөвлөл.



Сэтгэгдэл бичих