Эрдэнэс Тавантолгой ХК-ийн 1072 хувьцааг Монгол Улсын 3.4 сая иргэнд эзэмшүүлэх Засгийн газрын тогтоол гарснаас хойш 132 мянган иргэн нас баржээ. Нас барсан иргэдийн хувьцааны ногдол ашгийг хэрхэх талаар ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу өнөөдөр /2026.04.29/ сэтгүүлчдийн асуултад хариулав.
Н.Цэрэнсамбуу, 1072 хувьцааг иргэн бүрд тарааснаас хойш нас барсан хувьцаа эзэмшигч иргэдэд оногдох ногдол ашиг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн дансанд хадгалагдаж байна. Хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалтад орж, холбогдох ногдол ашиг нь аль хэдийнэ хуваарилагдсан. Тэгэхээр 2019 оноос хойш өнгөрсөн хугацаанд дөрвөн удаа ногдол ашиг хуваарилахад нас барсан иргэдэд оногдох ногдол ашиг 66 орчим тэрбум төгрөг хуримтлагдсан. Энэ ногдол ашгийг Иргэний хуульд заасны дагуу хамаарал бүхий гэр бүл, үр хүүхдэд нь олгоно гэв.
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар ““Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцсэн бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа, түүнд хуваарилагдсан ногдол ашгийг өвлөгчид шилжүүлэх шийдвэр гарлаа. Нас барсан иргэний 1072 хувьцааг өв залгамжлан авах шийдвэрийг энэ оны 6-р сарын 1-нээс хэрэгжүүлэхээр Засгийн газрын тогтоолд тусгажээ.

Сэтгэгдэл бичих