Иргэдийн мэдээллийг шүүн тунгаах чадварыг системтэйгээр бэхжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ


4-р сарын 29
16 цаг 16 минут

Монголын хэвлэлийн хүрээлэн, Европын холбооны санхүүжилтээр хэрэгжих “Хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсролоор иргэний нийгмийг чадавхжуулж Монголын ардчиллыг бэхжүүлэх нь (2026–2028)” төслийн нээлт өнөөдөр Улаанбаатар хотноо боллоо.

 

Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните нээлтийн үеэр хэлэхдээ, “Мэдээ мэдээлэл нь өнөөгийн нийгэмд зөвхөн иргэдийн мэдэх эрхийн тухай асуудал бус, хэрхэн сэтгэх, хэрхэн оролцох, улмаар нийгэм хэрхэн төлөвшин хөгжихийг тодорхойлж буй үйл явц болоод байна. Ийм хурдацтай, төвөгтэй мэдээллийн орчинд мэдээллийг олж авах, ойлгох, үнэлэх, хариуцлагатай ашиглах чадвар нь сонголт бус ардчилсан нийгэмд амьдрах суурь чадавх болжээ.

 

Хэвлэл мэдээллийн суурь боловсрол нь бодит мэдээллийг ташаа болон төөрөгдүүлсэн мэдээллээс ялгах, цахим орчинд хариуцлагатай оролцогч байх, олон нийтийн хэлэлцүүлэгт ухамсартайгаар оролцох боломжийг олгодог. Энэхүү боловсролыг эзэмшсэнээр үзэгч уншигчдын шүүмжлэлт сэтгэлгээ хөгжиж, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах үйл явц дээшилж, ардчилсан нийгмийн үнэт зарчмууд улам бэхжинэ” хэмээн онцлов.

 

Төслийг Үзэгчдийн эрх ашгийг хамгаалах Европын нэгдэлтэй хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд уг нэгдлийн захирал Паоло Челот нээлтийн үйл ажиллагаанд оролцсон юм. Тэрбээр, “Хэвлэл мэдээллийн боловсролын нэг хэсэг нь чанартай ба чанаргүйг ялгах, мэдээлэл ба суртал ухуулгыг таних, үнэн ба худлыг олж мэдэх чадвар юм. Үүнд зөвхөн ур чадвар хангалтгүй. Мөнхүү шүүмжлэлт сэтгэлгээ, дижитал ур чадвар багтана. Энэ ч бас хангалтгүй. Хэвлэл мэдээллийн боловсролд сэтгэл хөдлөлийн боловсролыг бас багтаах ёстой. Хэрэв эдгээрийг бүрэн дүүрэн ойлгоогүй бол тухайн хүнийг маш амархан удирдах болно” гэлээ.

 

Монгол Улсад мэдээллийн орчин сүүлийн жилүүдэд эрчимтэй өөрчлөгдөж, цахим платформ, сошиал медиа болон хиймэл оюун ухаанд суурилсан контентын хэрэглээ огцом нэмэгдсэн нь мэдээлэл үйлдвэрлэх, түгээх, хэрэглэх хэлбэрийг үндсээр нь өөрчилж буй. Энэхүү өөрчлөлт нь буруу ташаа мэдээллийн тархалт, эх сурвалжийн баталгаагүй байдал, мэдээний чанарын асуудлыг дагуулах болсон. “Media Mongolia-2026” үндэсний чуулганаар салбарын төлөөллүүд Монголын сэтгүүл зүй технологийн шилжилт, эдийн засгийн тогтворгүй байдал, хууль эрх зүй болон ёс зүйн сорилт бүхий гурвалсан хямралын нөхцөлд байгааг онцолжээ. Үүний зэрэгцээ олон нийтийн мэдээлэлд итгэх итгэл сул байгаа нь иргэдийн мэдээллийг шүүн тунгаах чадварыг системтэйгээр бэхжүүлэх шаардлагатайг илтгэж байна.

 

Төслийнхний зүгээс хэвлэл мэдээллийн суурь боловсрол нь зөвхөн хувь хүний чадвар бус, ардчилсан нийгмийн тогтвортой байдлын үндэс хэмээн тодорхойлж байна. Уг төслийн хүрээнд суурь судалгаа, цуврал сургалт, хэлэлцүүлэг форум болон бодлогын зөвлөмж гаргах зэрэг ажил үе шаттайгаар өрнөх аж.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа51 минут 36 секундын өмнө"Хамрын цацлагыг дур мэдэн хэрэглэх нь салст гэмтээж, мэс заслын эрсдэлд хүргэнэ"54 минут 22 секундын өмнөН.Цэрэнсамбуу: Нас барсан иргэдийн 1072 хувьцааны ногдол ашгийг үр хүүхдэд нь нөхөж олгоно55 минут 30 секундын өмнөМонгол эмч “Шилдэг залуу судлаач"-ийн шагнал хүртжээ59 минут 4 секундын өмнө₮600 мянгын хахууль авсан Д-ийн нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасаж, ₮10 саяар торгожээ59 минут 51 секундын өмнөНийслэлийн энэ жилийн I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ1 цаг 2 минутын өмнөИргэдийн мэдээллийг шүүн тунгаах чадварыг системтэйгээр бэхжүүлэх төсөл хэрэгжиж эхэллээ1 цаг 8 минутын өмнө“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлүүлэх асуудлыг шийдлээ1 цаг 9 минутын өмнөХаан Чарльз илтгэлдээ юуг онцлов?1 цаг 10 минутын өмнө“Монголын эдийн засгийн чуулган”-ыг цуцлав1 цаг 11 минутын өмнө2028 оноос эхлэн элсэлтийн шалгалтад өөрчлөлт оруулахаар бэлтгэж байна4 сар 28. 17:03Автобусны жолооч анхан шатны тусламж үзүүлж хүний амь аварчээ4 сар 28. 17:03
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.