Их Британийн хаан III Чарльзын АНУ-д хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Энэхүү айлчлал нь Америкийн 250 жилийн ой болон хоёр орны удаан хугацааны найрамдалт харилцааг тэмдэглэх зорилготой. Мөн хоёр улсын харилцаанд үүссэн тодорхой зөрчлийг зөөлрүүлэх зорилготой юм. Одоогийн байдлаар Их Британи улс АНУ болон Израилийн Ираны эсрэг хийж буй дайнд оролцохоос зайлсхийж байгаа. Улмаар Чарльз хаан Конгресст илтгэл тавих замаар хоёр орны харилцааг зөөлрүүлэх гэж хичээсэн байна.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын байр суурь хурдан өөрчлөгдөх хандлагатай байдаг тул муудсан харилцаа ч мөн хурдан сайжрах боломжтой гэх найдлагыг тавьж байна. Хаан илтгэлдээ “эвлэрэл болон шинэчлэл”-ийн талаар дурдсан нь хоёр улс өмнө нь олон удаагийн сорилтыг давж гарч, найрамдлаа хадгалж ирснийг илэрхийлжээ. Цагаан ордонд уулзсаныхаа дараа Трамп хааныг “гайхалтай хүн” хэмээн магтаж, эерэг сэтгэгдэл илэрхийлсэн байна. Гэхдээ хааны илтгэлийн зарим хэсэг нь Ардчилсан намынханд таалагдсан ч Цагаан ордонд бага зэрэг гайхшрал төрүүлсэн байж магадгүй.
- Тодорхойгүй байдлыг хүлээн зөвшөөрөх
Хаан Чарльз илтгэлийнхээ эхэнд дэлхий дахин одоо “тодорхойгүй, хэцүү цаг үе”-ийг туулж байгааг шууд хүлээн зөвшөөрсөн. Тэрбээр Ойрхи Дорнод болон Европ дахь мөргөлдөөнүүдийг дурдсан бөгөөд энэ нь АНУ, Их Британийн хооронд санал зөрөлдөөн үүсгэж байна гэж мэдэгджээ. Мөн улс төрийн хүчирхийлэл ардчилалд аюул учруулж байгааг онцолсон байна. Дараа нь тэрбээр АНУ, Их Британи үргэлж санал нэгтэй байгаагүй гэдгийг онцолсон. Тухайлбал “1776 оны үзэл санааг санаж, бид үргэлж санал нийлдэггүй гэдгийг хүлээн зөвшөөрч чадна” гэж хэлсэн байна. Гэхдээ эцэст нь хоёр улс хамтдаа, нэг зорилготой байвал зөвхөн өөрсдөдөө биш, дэлхий дахинд ч сайн зүйл хийж чадна гэж хаан Чарльз онцолсон байна.
- Ардчилсан намынханд таалагдсан нь
Хаан Чарльз “төрийн эрх мэдэл ямагт хяналттай, тэнцвэртэй байх ёстой” гэж хэлэхэд хүмүүс алга ташсан. Энэ нь "Магна Карта"-д суурилсан британи уламжлал бөгөөд АНУ-ын Үндсэн хуульд ч чухал зарчим болдог. Түүнийг энэ талаар дурдсаны дараа Ардчилсан намын гишүүд хамгийн эхэнд алга ташсан бол дараа нь танхим бүхэлдээ алгаа ташжээ.
Дональд Трампыг шүүмжлэгч нар нь эрх мэдлээ хэтрүүлэн ашигладаг гэж байнга буруутгадаг. Тиймээс “хяналт, тэнцвэр” хэрэгтэй гэсэн санаа Ардчилсан намынханд их таалагдсан аж. Хаан илтгэлийнхээ төгсгөлд “Америкийн үг чухал, гэхдээ үйлдэл нь бүр ч илүү чухал” гэж хэлсэн. Ардчилсан намынхан Трампын үг, үйлдлийг аль аль нь шүүмжилдэг тул энэ үгийг анхааралтай сонссон байна. Зарим хүн хааны энэ үгийг АНУ-д анхааруулга өгч байна гэж ойлгосон бөгөөд “Хаан хэрэггүй” гэсэн үзэл санааг дахин сануулж байна гэж үзжээ.
- НАТО болон Атлантын холбоог онцолсон нь
Хаан Чарльз АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга асан Хенри Киссинжерийн тухай эргэн дурсаж, Атлантын түншлэлийн талаар ярьсан. Тэрбээр НАТО зөвхөн нэг л удаа гишүүн орноо хамгаалахаар идэвхжсэн гэдгийг дурдсан байна. Энэ нь есдүгээр сарын 11-ны халдлагын дараа болсон юм. Дональд Трамп өмнө нь Британийн тэнгисийн цэргийг шоолж, хөлөг онгоцуудыг нь “тоглоом” гэж хэлж байсан. Хаан өөрөө Тэнгисийн цэрэгт алба хааж байсан тул энэ тухайгаа илтгэлдээ дурджээ. Тиймээс хоёр орон тэнгисийн цэргийн хүчийг сорилгүйгээр хамтарч, Европын аюулгүй байдал, тагнуулын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолсон байна. Мөн тэрбээр уур амьсгалын өөрчлөлтийн талаар ч дурдсан. Хаан Чарльз хэлэхдээ, Атлантын далайгаас эхлээд Арктикийн хайлж буй мөс хүртэл, АНУ болон холбоотнуудын цэргийн хүч нь НАТО-гийн гол тулгуур юм. Тиймээс бие биенээ хамгаалж, иргэдээ аюулгүй байлгаж байна гэж онцолсон аж.
- Чимх хошигнол
Хаан Чарльз илтгэлийнхээ үеэр хоёр орны харилцаа, олон улсын байдлын талаар чухал сэдвүүд ярьсан ч хошигнолыг орхигдуулсангүй. Тэрбээр Оскар Уайлдийн алдартай үгийг эш татсан байна. Тодруулбал, "АНУ болон Англи хоёрын бүх зүйл бараг ижил, гэхдээ хэл нь л өөр” гэсэн аж. Мөн Британийн парламентад хаан үг хэлэх үед нэг гишүүнийг “барьцаанд үлдээдэг” уламжлалын талаар дурдаж, "Конгресст ийм хүн байна уу?" гэж хошигносон.
Тэрбээр Америк тусгаар тогтнолоо олсон нь Их Британи шиг хуучин улсын хувьд “саяхан болсон зүйл” мэт гэжээ. Түүнчлэн өөрийгөө Британийн ноёрхлыг сэргээх гэж АНУ-д ирээгүй гэж наргисан байна. Одоогоор АНУ болон Их Британийн хооронд бага зэрэг зөрчил байгаа ч энэ өдөр хаан уур амьсгалыг зөөлрүүлж, харилцааг илүү найрсаг болгож чадсан бололтой.

Сэтгэгдэл бичих