Сүхбаатар аймагт энэ сарын 24-26-ны өдрүүдэд зохион байгуулагдсан хэвлэл мэдээллийн байгууллагуудын уулзалтад 70 орчим сэтгүүлч, зураглаач, уран бүтээлчид оролцож, орон нутгийн бүтээн байгуулалтын ажлуудтай танилцлаа. Чуулганы хүрээнд сэтгүүлчид бямба гарагт Уртын голын цэцэрлэгт хүрээлэнгээр зочилж, хоёр километр гаруй үргэлжлэх томоохон бүтээн байгуулалтыг сонирхсон нь тэдний анхаарлыг ихээр татав.
Голын гольдролоо даган төлөвлөгдсөн тус цэцэрлэгт хүрээлэн нь орон нутагт анхдагч гэж хэлж болохуйц онцлог шийдлээрээ өндөр үнэлгээ авав. Нийт 2.5 км урт зам бүхий тус хүрээлэн 300 гаруй автомашины зогсоолтой бөгөөд дотроо мини парк, задгай мини театр, үйлчилгээний цэгүүд, явган болон дугуйн зам бүхий цогц орчныг бүрдүүлжээ.
Мөн 18 нэр төрлийн 100 гаруй мянган мод, модлог ургамал тарьж ургуулсан нь байгальд ээлтэй, ногоон хөгжлийн жишиг бүтээн байгуулалт болж байгааг харуулж байна. Зай талбайн зохион байгуулалт өргөн, чөлөөтэй тул иргэд бусдад саад учруулахгүйгээр амарч зугаалах, спортоор хичээллэх, дасгал хөдөлгөөн хийх тав тухтай боломж бүрдсэн гэдгийг зочид онцолсон юм.
Түүнчлэн иргэдийн аюулгүй байдалд онцгой анхаарсан шийдлүүд сэтгүүлчдийн сайшаалыг хүртэв. Тухайлбал, явган хүний замыг халтирдаггүй резинэн материалаар хийсэн бөгөөд 500 метр тутамд 24 цагийн хяналтын камер байршуулжээ.
Энэ нь иргэдийн аюулгүй, ая тухтай орчинд амрах нөхцөлийг бүрдүүлсэн бодит шийдэл болсон байна. Зөвхөн гол дагасан тохижилт төдий бус, аймгийн өнгө төрхийг шинэ түвшинд гаргаж, иргэдийн эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн, амарч зугаалах орчин бүрдүүлсэн томоохон бүтээн байгуулалт болсныг хэвлэл мэдээллийн төлөөлөл онцолж байлаа. Уртын голын цэцэрлэгт хүрээлэн ийнхүү орон нутгийн хөгжил, ногоон байгууламж, иргэдийн амьдрах орчны чанарыг илэрхийлэх шинэ жишиг болж байна.

Сэтгэгдэл бичих