“Дүдү машин” аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг 4 дүгээр сарын 22-нд зохион байгуулж, 120 гаруй сурагч 99 бүтээлээ ирүүлсэн байна.

Хүүхдэд инженер, техникийн суурь ойлголт, бүтээлч сэтгэлгээ, логик болон асуудал шийдвэрлэх чадварыг төлөвшүүлэх зорилготой тус тэмцээнийг нийт 4 насны ангиллаар зохион байгуулжээ.
5-7 насны “Улаан” ангилалд Зуунмод сумын 2 дугаар сургуулийн сурагч Х.Баянжаргал тэргүүлсэн бол 8-10 насны “Шар” ангилалд Батсүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагч Б.Даш тэргүүлжээ.
11-13 насны “Ногоон” ангилалд Зуунмод сумын 2 дугаар сургуулийн сурагч Н.Энхтамир тэргүүлсэн бол 14-17 насны “Цэнхэр” ангилалд мөн тус сургуулийн сурагч Б.Түшиг тэргүүлжээ.
“Хамгийн залуу машин” төрөлд Эрдэнэ сумын сурагч А.Анужингийн бүтээл, “Хамгийн загварлаг машин” төрөлд Батсүмбэр сумын сурагч Э.Мөнх-Оргилын бүтээл тус тус шалгарлаа. Харин “Хамгийн брэнд машин” төрөлд Өндөрширээт сумын сурагч Р.Амарбаясгалангийн бүтээл шалгарсан байна.
Өндөрширээт сумын сурагч Р.Амарбаясгалан, "Анх удаа тэмцээнд оролцож байна. Өөрийн хийсэн бүтээлээ уралдахыг харах үнэхээр догдолмоор байлаа. 7 хоногийн хугацаанд хийж дуусгасан. Ийм тэмцээнд оролцохдоо олон зүйл сурч, туршлага хуримтлуулсан" гэв.

Зуунмод сумын сурагч Н.Ундрах “Модны бэлдцээ хөрөөдөх нь нэлээд хүндрэлтэй байсан тул ахаасаа тусламж авсан. Харин будах, зурах ажлаа өөрөө хийсэн. Уралдаанд оролцох үедээ ихэд сандарсан ч эцэст нь сэтгэл ханамж өндөр байлаа” гэв.

Сэтгэгдэл бичих