Улаанбаатар хотын орон сууцны хорооллуудын халаалтыг тавдугаар сарын 15-ны өдрөөс албан ёсоор зогсоохоор шийдвэрлэжээ.
Үүнтэй зэрэгцэн нийт 376 километр үргэлжлэх төв магистраль шугамын засвар, шинэчлэлийн ажил эхлэх юм. Энэ зун нийт 16 гол шугамыг шинэчлэх бөгөөд ажлыг үр дүнтэй зохион байгуулах үүднээс засварыг 8-9 хэсэгт хуваан, тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 25-ны хооронд гүйцэтгэхээр төлөвлөжээ.
Тэгвэл засварын ажлын хүрээнд эхний ээлжид буюу тавдугаар сарын 18-28-нд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрийн зарим хэсэгт халуун ус хязгаарлах аж. Тодруулбал, Вива сити, Шинэ яармаг хорооллууд, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, НЗДТГ-ын “Хангарди” ордон орчим, Төв цэнгэлдэх хүрээлэн, “Хүннү”, “Рапид” хороолол, 120 мянгат, Туулын хөвөө, Зайсан орчмын хороолол, хотхонууд, XIX хороолол орчмын оршин суугчдын халуун усыг 10 хоног хязгаарлаж, дулааны шугамыг засварлах хуваарьтай.
Зөвхөн урсгал засвар бус, хотын өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахын тулд дараах ажлуудыг цогцоор нь гүйцэтгэх аж. Тухайлбал, хуучирч муудсан шугамуудыг солих, шугамын нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлж, хүчин чадлыг сайжруулах, өвлийн ачааллыг даах бэлтгэл ажлыг хангах юм байна.

Сэтгэгдэл бичих