Өнөөдөр Отгонтэнгэр их сургууль "Хүүхдийн хөгжил,төлөвшил-2026" үндэсний эрдэм шинжилгээний бага хурлыг 14 дэх жилдээ зохион байгууллаа.
Тус хурал нь эрдэмтэн судлаачид судалгааны үр дүн, нээлт ололт туршлагаа хуваалцаж, төр болон ТББ, олон улсын байгууллагуудын мэргэжилтэн, багш сурган хүмүүжүүлэгч нартай хамт асуудлыг хэлэлцэж, туршлага солилцох, судалгааны үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой аж.
Хурлын сэдэв:
Хүүхдийн хөгжил, хамгаалал, боловсролын шинэчлэлийн хэрэгжилт
Хүүхдийн хөгжил, төлөвшил бага насны хүүхдийн цогц бодлого
Хүүхэд хамгааллын талаарх төрийн бодлого, хэрэгжилт, үр нөлөө
Тэгш хамруулах болон тусгай хэрэгцээт боловсролын асуудал
Хүүхдийн хөгжил төлөвшил, хамгааллын талаарх нийгмийн түншлэл, хамтын ажиллагаа
Эцэг эхчүүдийн хүүхэд хамгааллын талаарх ойлголт мэдлэгт хийсэн үнэлгээгээр "Хүүхэд хамгаалал гэж юу вэ" гэдэг асуултад эцэг эхчүүдийн 30 хувь нь "хүчирхийлэлгүй байх" гэж хариулжээ.
16 хувь нь хүүхдийг сургах
13 хувь нь хүүхдийг сонсох
10 хувь нь хүүхдийг эрүүл өсгөх
10 хувь нь хүүхдийг хайрлах
9 хувь нь хүүхдийг ойлгох
3 хувь нь хүүхдийг анхаарах
2 хувь нь хүүхдийг хүмүүжүүлэх
2 хувь нь хүүхдийн өмнө хариуцлагатай байх
1 хувь нь хүүхдийн өмнө үүргээ биелүүлэх
Хүүхэд хамгаалал гэдэгт эдгээр бүгд хамаатай бөгөөд эцэг эхчүүдийн дөнгөж 4 хувь нь "эдгээр бүгд" гэж хариулсан байна. Энэ нь эцэг эхчүүд хүүхэд хамгааллыг хүчирхийллээс хамгаалах гэсэн нийтлэг ойлголттой болохыг баталжээ. Хүүхэд хамгааллын талаар олон нийтийн ойлголт мэдлэг тааруухан байгаа нь ажиглагдаж байна.
Байгууллагын удирдлагууд хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх үүргээ мэддэггүй, хүүхэд хамгааллын асуудлаар иргэний нийгмийн байгууллагууд, төр хувийн хэвшлийн түншлэл сул, хүний нөөцийн чадавх сул, нөөцийн хуваарилалт тодорхой бус, харилцан уялдаатай хамтын ажиллагаа муу гэж мэргэжилтнүүд үзэж байна.
(ОУУБИС, Гэр бүл, сэтгэл судлалын тэнхимийн багш, доктор (Ph.D), дэд профессор Б.Оюун-Эрдэнийн илтгэлээс)
Хүүхдийн нийгэмшилд нөлөөлж байгаа хүчин зүйлс:
Бага насанд нь үлгэр өгүүллэг уншиж, ярьж өгдөг байх нь тэдний өөртөө итгэх итгэл, сэтгэл санааны тогтвортой байдал, бусдын сэтгэлийг ойлгох, харилцааны чадварт эерэгээр нөлөөлсөн.
Багшийн хүүхдэд хандах хандлага нь хүүхдийн өөртөө итгэх итгэл, өөрийгөө хүлээн зөвшөөрөх, айдасгүй байх, бусдыг хүлээн зөвшөөрөх, эцэг эх хүүхдийн хоорондын харьцаанд эерэгээр нөлөөлсөн.
Хүүхдийн гар утасны хэрэглээ бага байх тусам сэтгэл санааны тогтвортой байдал, нээлттэй харилцааны үзүүлэлт өссөн
Аав ээжийн боловсролын түвшин ахих тусам хүүхдийн өөртөө итгэх итгэл, нээлттэй харилцах чадвар, эмпати чадвар нэмэгдсэн.
Хүүхдийн танин мэдэхүй, нийгэмшил, бие бялдрын чадварууд харилцан хамааралтай өөрчлөгдөж байна. Өөрөөр хэлбэл бие бялдрыг хөгжүүлэхэд танин мэдэхүйн чадварт сайнаар нөлөөлдөг.
(БСҮХ, эрдэм шинжилгээний ажилтан доктор С.Санжаабадам, профессор Б.Энхбаярын илтгэлээс)

Сэтгэгдэл бичих