Цахилгаан тэжээлт автомашины импорт 2022 оноос хойш тогтвортой өсөлттэй байсан ч 2025 оноос эхлэн буурч эхэлсэн талаар Гаалийн ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, 2022 онд манай улс 214 ширхэг, 5.8 сая ам.долларын цахилгаан автомашин импортолж байжээ. Импорт 2023 онд огцом өсөж, 419 ширхэг буюу 10.2 сая ам.долларт хүрсэн нь 2022 оноос тоо ширхгийн хувьд 95.8 хувь, үнийн дүнгээр 75.9 хувиар өссөн байна. Мөн 2024 онд импортын өсөлт үргэлжилж, 504 ширхэг, 13.9 сая ам.долларт хүрч, сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн юм.
Харин 2025 онд импорт 336 ширхэг буюу 9.3 сая ам.доллар болж буурчээ. Тэгвэл 2026 оны эхнээс дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн байдлаар 88 ширхэг, 1.6 сая ам.долларын цахилгаан автомашин импортолсон. Өнгөрсөн хугацаанд нийт 1561 ширхэг цахилгаан автомашины 76.3 хувь нь БНХАУ-аас, 10.2 хувь нь Япон улсаас, 5.1 хувь нь АНУ-аас, 8.4 хувь нь бусад улс орноос импортолсон байна. Энэ нь цахилгаан автомашины импортын дийлэнх хувийг БНХАУ дангаар бүрдүүлж байгааг харуулж байна.

Сэтгэгдэл бичих