Нийслэлийн Ардчилсан намын удирдах зөвлөлийн анхны хуралдаан өчигдөр (2026.04.16) болсон. Хуралдаанаар намын бүтэн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцсэн юм.
Үүнтэй холбоотойгоор АН-аас хэвлэлийн хурал зарлаж, Нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очир байр сууриа илэрхийллээ.
Тэрээр, Нийслэлийн намын даргын сонгуульд нэр дэвшихдээ миний бие "Дэлхийн хот" гэдэг мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Хувийнхаа амьдралын туршлагаар амьдарч үзсэн хотуудаа тоолж үзсэн юм. Ингээд жагсаагаад үзэхэд нэг зүйлийг ойлгосон.
Дэлхийн хотууд иргэдийнхээ төлөө байдаг бол манай хот дарга нарын төлөө оршдог юм байна. Тэгэхээр дэлхийн хотыг цогцлоохын тулд хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм буюу иргэдийнхээ төлөө байдаг хотыг хэрхэн бий болгож, ямар ажлын төлөвлөгөөтэй байх талаар санааг дэвшүүлсэн юм. Миний нөгөө талд хяналт тавих ёстой Х.Нямбаатар даргыг соёрхож үзлээ. Гэтэл манай хүн Бэрх тосгон болон Сонгинохайрхан дүүрэгт амьдарсан юм билээ. Тэгэхээр асуудлыг тэр хэмжээгээр буюу хүний төлөө биш, сонгуулийн ялалтын төлөө амьдардаг газар байсан юм байна.
Сонгинохайрхан дүүргийн иргэн та Х.Нямбаатар даргыг хэдэн удаа сонгосон бэ? Таны амьдардаг газар яаж өөрчлөгдсөн бэ? Өргөөд өргөөд дийлдэггүй усны шар сав, түрээд түрээд дийлдэггүй түрдэг тэрэг, сүүдэрт нь суух мод ч таригдаагүй. Үүнийг хүмүүнлэг хот гэхгүй ээ. Иргэдээ бодсон хот гэдэг бол иргэдийн алхам тутмын амьдрал руу чиглэдэг юм. Манай хот дарга нарын буюу "авлигын" хот болсон байна.
Нэг жишээ дурдъя. Австралийн Сидней хот 4 сая хүн амтай. Үүнээс 700 мянган иргэн нь барилгын бизнесээр амьдардаг. Монгол залуучууд тэнд ажиллаж, амьдралаа залгуулдаг. Энэ бизнес нь ковидын үед ч зогсоогүй. Гэтэл манай Монголд ковидын үед бүх бизнес нь хаагддаг. Улаанбаатар хот иргэдийн ахуй амьжиргаа, бизнесийн ямар дизайнтай хот юм бэ? гэж Х.Нямбаатар дарга болон МАН-аас асуумаар байгаа юм.
Есдүгээр сарын 1-н болохоор орон нутгаас ирсэн оюутнуудын байрны түрээсийн мөнгөөр босдог хот юм уу, 12-р сард шинэ жил тэмдэглэдэг, ананастай тахианы хот юм уу. Энэ хотын эдийн засаг бол уул уурхайн төсөвт төвлөрөөд түүнийг нь төр аваад, авилгаар компаниуд нь баяждаг "даргын, авлигын" хот" болсон.
Бид эдийн засгийнхаа маш их боломжийг эрүүл мэндийн салбарт алдаж байна. Өнгөрсөн жил гэхэд л Хөх хот эрүүл мэндийн салбартаа Улаанбаатар хотоос 100 сая доллар хийсэн байна. Ингээд цаашаагаа тоочвол их юм бий. Тэгэхээр Улаанбаатар хот бол эрүүл мэнд, эрдэм боловсролын хот байх ёстой" гэв.

Сэтгэгдэл бичих