Өмнөд Солонгосын Инчон хотод 30 гаруй настай нэгэн эмэгтэй хоёр сартай хүүхдэдээ тохироогүй хоол өгсөнтэй холбоотойгоор хүүхдийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэх хэрэгт буруутгагдаж байна. Цагдаагийн мэдээлснээр, тэр эмэгтэй гэртээ байхдаа хүүхдээ будааны шөл (ттокгук) болон гүзээлзгэнээр хооллосон нь тогтоогдсон. Хоёр сартай хүүхдийн хоол боловсруулах систем нь тухайн хоолнуудыг шингээх хэмжээнд хөгжөөгүй байгаа бөгөөд зөвхөн эхийн сүү эсвэл сүүн тэжээлээр хооллох ёстой.
Тухайн эмэгтэй цахим сүлжээнд гэр бүлийнхээ оройн хоолны зургийг нийтэлснээс болж хэрэгт татагдсан. Зурагт ттокгук шөл, өндөг, далайн байцаатай хоол болон жижиг аяга, хүүхдийн халбага харагджээ. Энэ нь олон нийтийн дургүйцлийг хүргэж, зарим хүн цагдаад хандсан аж. Солонгосын Хүүхдийн эмч нарын холбооны мэргэжилтнүүдийн хэлснээр, нярай хүүхдэд хатуу хоол өгөх нь хоолойд тээглэх болон эрүүл мэндийн ноцтой эрсдэлтэй. Цагдаа нар ийм насны хүүхдэд хатуу хоол өгөхийг хүүхдийн хүчирхийлэлд тооцож болохыг мэдэгдэж байна. Харин эх нь “Хүүхдээ илүү эрүүл болгох гэж өгсөн” гэж тайлбарласан бөгөөд санаатайгаар гэмтээх зорилго агуулаагүй гэжээ. Гэсэн хэдий ч энэ хэрэг прокурорт шилжсэн байна.

Сэтгэгдэл бичих