Шатрын ертөнцөд мэндэлсэн шинэ од - Жавохир Синдаров


4-р сарын 16
16 цаг 07 минут

Киприйн Пежейа хотод болсон дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээнд Узбекистаны залуу шатарчин Жавохир Синдаров түрүүлж, одоогийн дэлхийн аварга, Энэтхэгийн тамирчин Доммаражу Гукештэй халз тоглохоор боллоо.

Тэмцээнд түрүүлэх магадлалтай шатарчдын тоонд Синдаров ороогүй байсан боловч эхний хоёр өрөгт тэрбээр 1.5 оноо авсан төдийгүй Америкийн Фабиано Каруана, Хикара Накамүра, Хятадын Вэй И нарыг дараалан хожсоноор шуугиан тарьж, эхний тойрогт өрсөлдөгчдөөсөө хол тасарчээ.

Харин хоёрдугаар тойрогт өмнөх шигээ амжилттай тоглоогүй боловч 10 дугаар өрөгт Энэтхэгийн Рамешбабу Прагнанандхаг хожсоноор өрсөлдөгчид нь түүнийг гүйцэхэд тун хэцүү болов. Тэмцээн дуусахад 4-хөн өрөг үлдсэн тул Синдаров аль болох хайнцах тактикаар тоглож, сүүлчийн өргөөс өмнө аваргын болзлыг хангалаа.   

 Энэ удаагийн тэмцээнд түүнээс чансаа өндөр шатарчид оролцсон учраас түүний ялалт бол нэг талаас гэнэтийн санамсаргүй амжилт хэмээн үзэж болно. Нөгөө талаас, тэрбээр сүүлийн хагас жилийн хугацаанд тогтвортой сайн тоглож, 11 дүгээр сард дэлхийн цомд түрүүлж, өнгөрсөн өвөл Нидерландын Вейк-ан-Зе хотод болсон тэмцээнд II байр эзэлсэн билээ. Кипрт ч мөн адил тогтвортой тоглолтуудыг үзүүлсэн бол түүний өрсөлдөгчид уг тэмцээнд бэлэн бус байлаа.  

Узбекистаны шатрын хөгжил

 Сүүлийн 10 жилд тус улсад шатрын спорт эрчимтэй хөгжиж байна. 2022 онд эрэгтэй шатарчид Дэлхийн шатрын олимпиадад түрүүлж, 2024 онд хүрэл медаль авсан бол 2021 онд Нодирбек Абдусатторов түргэн тоглолтын дэлхий аварга болов. Тэрбээр Вейк-ан-Зе хотод болсон тэмцээнд Синдаровыг хожиж түрүүлсэн хэдий ч дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах сонгон шалгаруулах шатанд төдийлөн хүчтэй байж чадсангүй.

Синдаровын амжилт бол санамсаргүй тохиолдол биш харин нарийн төлөвлөсөн үйл ажиллагааны үр дүн мөн. Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиеев 2021 онд шатрын спортыг хөгжүүлэх тухай зарлигт гарын үсэг зурснаар тус улсын тамирчдыг дэлхийд алдартай дасгалжуулагчид бэлтгэх болсон юм. Тухайлбал, дэлхийн 14 дэх аварга, Оросын шатарчин Владимир Крамник дэлхийн шатрын олимпиадад Узбекистаны шигшээ багийг дасгалжуулсан байна. Мөн улс даяарх 10 мянга гаруй дунд сургуулийн 2,3,4 дүгээр ангийн сурагчдын хувьд шатар нь заавал судлах хичээл болсон байна.

 Шатарчдын амжилтыг өндрөөр үнэлж, шагнаж урамшуулжээ. 2022 оны дэлхийн шатрын олимпиадад түрүүлсэн Узбекистаны шатарчин бүрд Chevrolet Equinox маркийн автомашин, 55 мянган доллар бэлэглэсэн байна. Дэлхийн цомд түрүүлсэн Синдаровт Ерөнхийлөгч Ш.Мирзиеев гурван өрөө байр бэлэглэжээ.  

Аваргын титэм зүүх магадлал

 Киприйн тэмцээнд итгэл төгс түрүүлсэн Синдаровыг дэлхийн аваргын титмийн төлөөх халз тоглолтод ялах магадлал өндөртэй гэж шатрын шинжээчид үзэж байна. Харин одоогийн аварга Гукешийн тоглолт сүүлийн үед тогтворгүй байгаа юм. Тухайлбал, гуравдугаар сард болсон Прагийн тэмцээнд 9 дүгээр байр, дөрөвдүгээр сард Испанид болсон тэмцээнд 4 дүгээр байрт тус тус шалгарчээ.   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ4 сар 17. 15:09Цэргүүдийг зөвшөөрөгдөөгүй ажилд дайчлахгүй байх, алба хаах сонирхлыг нэмэгдүүлэхийг хил хамгаалах байгууллагуудад чиглэл болгожээ4 сар 17. 15:08СҮХБААТАР: Хөх хотын эмч, мэргэжилтнүүдээс туршлага судаллаа4 сар 17. 15:07"Багш нарын 4, 5 дугаар сарын цалинг Цагаан сарын өмнө татаад олгочихсон байна. Нийгмийн даатгалд ₮44 тэрбумын өр үүссэн"4 сар 17. 15:062.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр үндэслэлгүйгээр олгосныг илрүүлэв4 сар 17. 15:05Улаанбуудайн үрийн нөөц 46 мянган тоннд хүрлээ4 сар 17. 15:05Авлигын хууль зөрчсөн 22 албан тушаалтанд сахилгын шийтгэл хүлээлгэжээ4 сар 17. 15:02Б.Ган-Очир: Дэлхийн хотууд иргэдийнхээ төлөө байдаг бол манай хот дарга нарын төлөө оршдог4 сар 17. 15:01"Хүүхдэд тохироогүй хоол, хүнс хэрэглүүлэх нь хүчирхийлэл"4 сар 17. 15:0025 зүйлийн 669 амьтныг хууль бусаар агнасныг тогтоожээ4 сар 17. 15:00"Шатахууны үнээс илүү нийлүүлэлтийг хангахад анхаарч байна"4 сар 16. 16:13М.Нарангэрэл: Зочид буудлууд 10 мянган ортой болж байж нэг сая жуулчин хүлээн авч, орлогоо нэмнэ4 сар 16. 16:10
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.