Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээс өргөн барьсан гишүүдийг эгүүлэн татах хууль парламент дахь улс төрийн намуудыг талцуулж, жинхэнэ утгаар нь хуваав. Энэ дундаа хамгийн том сөрөг хүчин болох Ардчилсан нам хоёр хуваагдаж, Ерөнхийлөгчийн хуулийг Ардчилсан намын 18 гишүүн дэмжив.
Ардчилсан намын дарга, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэхдээ нам нь, бүлэг нь ч Ерөнхийлөгчөөс өргөн барьж байгаа хуулийн төслийг дэмжихгүй, ардчилсан парламентын засаглалаа хамгаалаад гарнаа гэж хэлсэн нь хатаж амжаагүй байхад чуулганы хуралдаанд намын гишүүд нь намынхаа даргын эсрэг кнопдов. Угтаа бол Ардчилсан намын даргын хэлсэнчлэн УИХ дахь АН-ын бүлэг ардчилсан парламентын засаглалаа хамгаалахыг хүссэн бол 18-уулаа энэ хуулийг дэмжихгүй байв.
Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төслийг УИХ дахь Ардчилсан нам, Үндэсний эвсэл, ХҮН нам, Иргэний зориг ногоон намууд дэмжихгүй гэдгээ илэрхийлж байсан. Харин Ардчилсан нам бус Үндэсний эвсэл, ХҮН, Иргэний зориг ногоон намууд өмнө нь илэрхийлж байсан байр сууриа хамгаалж, хуулийн төслийг дэмжээгүй бол АН-ынхан хэлсэн шигээ байсангүй. УИХ дахь Ардчилсан нам 42 гишүүнтэй. Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг 42 гишүүнээс 18 дэмжсэн бол 14 нь дэмжээгүй юм. Сүүлийн үед УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлийг намын бүлгийнхээ даргын албан тушаалыг өгөхийг АН-ын гишүүд шаардаад байгаа бөгөөд одоогоор бүлгийн шинэ даргыг томилох асуудал дээр АН хоёр хуваагдаад байгаа. Тиймээс ч Ерөнхийлөгчийн өргөн барьсан гишүүдийг эгүүлэн татах хууль дээр АН дотор албан ёсоор “сөрөг хүчин” бий болж, хоёр талцсан гэдгийг илтгэж байна. Тиймээс О.Цогтгэрэл бүлгийн даргынхаа ажлыг өгөх эсвэл намынхаа эв нэгдлийг хангаж, бодлого шийдвэрээ нэгтгэхгүй бол АН доторх “сөрөг хүчин”-ний тоо улам нэмэгдэх вий.
Ерөнхийлөгчийн хуулийг дэмжсэн АН-ын гишүүд:
- О.Амгаланбаатар-АН
- Ц.Баатархүү-АН
- Ж.Батсуурь-АН
- П.Батчимэг-АН
- Ж.Баярмаа-АН
- Ж.Баясгалан-АН
- Б.Бейсен-АН
- Ш.Бямбасүрэн-АН
- А.Ганбаатар-АН
- Д.Ганбат-АН
- Ц.Мөнхбат-АН
- С.Одонтуяа-АН
- Б.Пүрэвдорж-АН
- Г.Хосбаяр-АН
- Р.Сэддорж-АН
- Б.Түвшин-АН
- Д.Энхтуяа-АН
- Р.Эрдэнэбүрэн-АН

Сэтгэгдэл бичих