
Хаан шалдан байгааг хэлээд өгчих хүн дэргэд нь алга. Үлгэр ярих гэсэнгүй шүү. Монголд үнэхээр ийм зүйл болоод байна. Өөрийгөө хаан биш гэж ярьдаг ч хаан шиг аягладаг хамгийн эрх мэдэлтэй нэг хүнтэй болсон. Түүнийг хүрээлэгчид ч хаан мэт шүтэх бөгөөд өөрийгөө Монгол Улсын бүх иргэн 3.6 сая хүнтэй тэнцэнэ хэмээн ярьж эхлэв. “Хааны шинэ хувцас” үлгэрт гардаг шиг л. Хаан болохоо ч өмнө төөрч орхив. Бүр өөрийгөө бага ард түмний дээр орших дээд танхим гэж өргөмжлөн нэрийдэх болсон. Уг нь дээрээ ард түмэнтэй, дээдлэн сахих Үндсэн хуультай, дэргэдээ сөрөг хүчинтэй парламентын засаглалтай улс шүү дээ, энэ Монгол чинь.
Гэвч түүнд үнэнийг хэлэх нэгээхэн ч хүн үгүй байна. Хэлсэн нэгнийг дайсан гэж үзнэ гэхээс айн сүрдсэн дүр үзүүлэх болов. Зөвхөн хүрээлэлдээ удсан тэр бусдыг зандарч загнах нь хэрээс хэтрэв. Бүр цаг хугацаатай албан тушаалтан гэдгээ мэдэрч мэдэхийг ч хүсэхгүй байна. Үг биш үйлдэл нь илтгэнэ. Би хаан болохгүй гэв. Ард түмэн санаачилсан хуулийг нь дэмжээд байгаа гэж хэлсэн. Яг хэн, хаана дэмжээд байгаа юм. Хөдөөгийн хэдэн аймгийн төрийн албан хаагчдыг хүчээр суулгасан уулзалт цуглаанаас ард түмний дундах үнэн үнэртэх ч үгүй. Бас дахин нэр дэвшихгүй гэж хэлсэн. Боломж олдвол, яагаад үгүй гэж.
Өчигдөр Төрийн ордны их танхим дүүрэн түүхийн багш нарыг суулгаж байгаад уураа гаргасан. Уураа гаргасан шалтгаан нь илт. УИХ-ын хурлын гишүүдийн олонх нь түүний түрэмгий хуулийг дэмжиж, жинхэнэ хаан төрүүлэхгүй гэдэг байр суурьтай болж ирсэн.
Парламентад суудалтай таван намаас дөрвийнх нь төлөөлөл дэмжихгүй гэдгээ илэрхийлчихлээ. АН, ХҮН, ИЗНН, Үндэсний эвсэл гээд бүгд.
Тэд тооны хувьд Монгол Улсын нийт иргэдийг төлөөлөх жинхэнэ эрхтэй гишүүд. Өөр хэнтэй ч энэ эрх мэдлээ хуваалцахгүй байх хуультай. Ерөнхийлөгч ч энэ эрхэнд халдах эрхгүй бөгөөд халдсан тохиолдолд Үндсэн хуулийн зөрчил болно. Ерөнхийлөгч үүнийг мэдэхгүй дээ юу, цэцэн мэргэн шатар зөвлөхүүд нь мэргэн санаа гаргасан уу. Үндсэн хууль зөрчин ард түмнийг төлөөлөн төрийн эрхийг барих эрхтэй УИХ-ын бүрэн эрхэнд халдсан хууль санаачилсан.
Монголд Үндсэн хууль засагладаг шүү гэдгийг түүнд хэн ч хэлж өгөөгүй бололтой. Тэр ийм итгэл үнэмшлээр Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч зэргээс гадна бүр илүү сайхан шинэ дээлэнд шунах болжээ. Монголчууд хэзээнээсээ олон дээл давхарлаж өмсөхийг цээрлэдэг дээ.
Хурал тэгсхийгээд алга ташилтаар дууссан бөгөөд багш нар эргэн сургуульдаа очоод Ерөнхийлөгчийн үгийг дамжуулах уу. Тэгвэл томчууд жинхэнэ үнэнээс тасарсан хэрэг болж, хүүхдүүд “хаан шалдан байна” хэмээн шоолцгоох байлгүй дээ.
Үнэн хэрэгтээ парламентын олонхыг бүрдүүлж буй дүү нар нь хүртэл түүний хүрээллийнхэн сэдсэн хуулийг дэмжихгүй болсон. Эрх баригч МАН өнөөдөр яг талаараа шахуу хоёр хуваагдчихсан гэдгийг ард түмэн бүгд харж, мэдэрч байгаа. Харин мань хүн ард түмэн намайг дэмжиж байгаа, УИХ-ын гишүүдийг дуртай үедээ эгүүлэн татах хууль бол ард түмний захиалга гэсээр ярьж явах болсон. Тэр өөрөө ард түмнээс тасраад нэгэн арван болж буйгаа анзаарахгүй байна. 2017 оноос хойш Ерөнхий сайд, Ерөнхийлөгчийн сэнтийд дараалан заларч, есөн жил төр барилцаж, парламентыг одоогийн мунаглалаар бус сонгогдсон олонхоор атгасан тэр өнөөдөр л ёс зүй нэхэж эхэлж байна. Цаг хугацааны хувьд Ерөнхийлөгчийн сэнтийгээс буухаасаа, улс төрөөс явахаасаа яг нэг жилийн өмнө. Хаанчлал хүсэж буй хүнд хамгийн тохиромжтой хугацаа. Тэр үүнийгээ батлах мэт УИХ энэ хуулийг заавал батлах ёстой гэж үүрэг өгнө лээ. Үүнээс харахад, түүнд ард түмэн шударга ёс гэдэг үгийг залхтлаа сонсож, итгэхээ байсныг шадарлаж буй сайд нар нь хэлж өгөхгүй байна. Тойрон хүрээлэгчид нь түүнийг үнэнээс төөрүүлчихэж. Яг л үлгэрийн мэт түүнийг та одоо сайхан дээлтэй байна, гэхдээ бүр гоё шинэ дээл байгаа. Та тэрийг өмсчихвөл… хэмээн итгүүлчихэж.

Сэтгэгдэл бичих