![]()
ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг:
-Ерөнхий сайдын хэрэгжүүлж байгаа “Чөлөөлье” санаачилга салбар болгонд эрчимтэй хэрэгжиж байна. Энэ хүрээнд Засгийн газраас нийслэлээс олгож байгаа 146 зөвшөөрлийг мэдэгдэж эхэлдэг болох тогтоолын төслийг баталлаа. Ингэснээр фитнесс, кофе шоп, гуталчин, оёдолчин зэрэг эрсдэл багатай бизнес эрхлэх гэж байгаа иргэд E-Business сайтаар хүсэлтээ өгнө. Засгийн газраас тухайн бизнесийг эрхлэхэд хэрэгтэй мэдээллийг иргэний хувийн хаягт хүргүүлнэ. Тэгэхээр төрийн байгууллага өөрөө иргэндээ очиж үйлчилдэг болох нь.
Мөн Монгол Улсын аль ч төрийн байгууллага өнөөдрөөс IT программ хөгжүүлэхээ болилоо. Өөрөөр хэлбэл, төсвийн хөрөнгөөр программ хангамж хөгжүүлэхгүйгээр хувийн хэвшлийн программ хангамжийг ашиглаад явна. Төр мэдээллийн сангаа, аюулгүй байдлаа хариуцна. Харин хөгжүүлэлтийг хувийн хэвшил хариуцах нөхцөл өнөөдрөөс бүрдлээ.
Монгол Улс 2015 оноос хойш улсын төсвийн хөрөнгөөр 100 гаруй тэрбум, гадаадын зээл тусламжаар 230 гаруй сая ам.долларын хөрөнгийг программ хангамж, систем хөгжүүлэхэд зарцуулжээ. Цаашид энэ байдлаар явбал төр өөрөө хүний нөөцийн дутагдалд орно, мөн хөгжүүлэлтийн зардал нэмэгдсээр байх учраас хувийн хэвшлийн чадамжид итгэж энэ шийдвэрийг гаргалаа.
Мөн өнгөрсөн 7 хоногт төрийн албан хаагчдыг 7 хоногийн нэг өдөр зайнаас ажиллуулах шийдвэр гарсан. ЗГХЭГ хэрэгжилтийг шахаж ажилласан. Ингэснээр Монгол Улсын 59 агентлаг, яам, төрийн байгууллага, нийслэлийн 9 байгууллага ба түүний харьяа 99 байгууллагын ажилчид нэг өдөр зайнаас ажиллах зохицуулалтыг хэрэгжүүлж байна.
Иргэдэд хүндрэл учруулахгүйн үүднээс хэн гэдэг албан хаагч 7 хоногийн, сарын аль өдөр зайнаас ажиллаж байгаа вэ гэдэг мэдээллийг төрийн байгууллага вэб сайтаар болон цахим хуудсаар нээлттэй мэдээлэх чиглэлийг өнөөдөр өглөө.
Тайлангаас төрийн албан хаагчдыг чөлөөлөх хэрэгтэй гэж Ерөнхий сайд мэдээлсэн. Дээд албан тушаалтны яг одоо буюу яаралтай гэх, дата нэхэх зэрэг тайлан ажлын ачааллыг илүү ихээр үүсгэж байгааг судалгаагаар тогтоосон.

Сэтгэгдэл бичих