БНХАУ-ын нийслэл Бээжин хотод Ням гаригт (2026.04.19) болох хагас марафон гүйлтийн тэмцээнд хүмүүстэй хамт роботууд мөн мөр зэрэгцэн уралдах гэж байна.
Ижуан дүүрэгт хоёр дахь удаагаа зохион байгуулагдах гэж буй энэхүү өвөрмөц гүйлтийн тэмцээн "Beijing E-Town" технологийн паркаас эхэлж, үзэсгэлэнт Нанхайзи цэцэрлэгт хүрээлэнд дуусна. Хамгийн сонирхолтой нь энэ жил технологийн компани, их сургуулийн зэрэг 100 гаруй баг, нийтдээ 300 гаруй робот оролцохоор бүртгүүлжээ.
Эдгээр робот нь хүний хөдөлгөөнийг дуурайж гүйдэг бол зарим нь бүр өөрийн гэсэн “гүйх хэв маягтай” байх тул үзэгчдэд маш сонирхолтой үзүүлбэр болох нь гарцаагүй.
Энэхүү арга хэмжээ нь зүгээр нэг шоу биш. Харин робот техникийн хөгжлийн түвшнийг харуулах, хиймэл оюун ухаан бодит амьдралд хэрхэн нэвтэрч байгааг үзүүлэх зорилготой. Мөн спорт болон технологийг хослуулсан шинэ эрин эхэлж буйг илэрхийлэх зэрэг олон утга агуулж байна. Түүнчлэн Хятад улс сүүлийн үед өндөр эрсдэлтэй ажлуудад зориулсан ухаалаг роботуудыг идэвхтэй хөгжүүлж байна. Жишээлбэл 90 кг жинтэй “уулчин робот”, цахилгаан соронз ашиглан босоо ханан дээр авирдаг робот болон "VR" төхөөрөмжөөр эсвэл хиймэл оюун ухаанаар удирддаг роботыг танилцуулаад байна.

Сэтгэгдэл бичих