Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанаас эрхлэн гаргасан “Монгол хэмээх нэрийн судалгаа” номыг өнөөдөр “Чингис хаан” үндэсний музейд нээлээ.
Энэхүү бүтээл нь цаашдын олон судалгаа, санаачилгын суурь үндэс болж, улам өргөжин хөгжих боломжийг бүрдүүлж буйгаараа онцлог болохыг номын нээлтийн үеэр эрдэмтэн судлаачид онцолж байв.
“Монгол” хэмээх нэр түүх сурвалжид хамгийн анх дурдагдсанаас авхуулаад XX зуун хүртэл олон хэлний эх сурвалж, архивын баримт, газрын зурагт хэрхэн тэмдэглэгдсэнийг тодруулжээ. Үүнд, монгол хэлний түүхэн сурвалжууд, монгол, тод, дөрвөлжин бичиг, хятад ханзаар тэмдэглэгдсэн дурсгалууд төдийгүй дорно дахины хятад, япон, солонгос, перс, турк хэлээрх эх сурвалжууд, өрнө дахины англи, франц, орос, герман, чех, итали, испани зэрэг 10 гаруй хэлээрх баримтад тэмдэглэгдсэн "Монгол" хэмээх нэрийг харьцуулан нягталсан байна. Тэгэхдээ уг бүтээл нь “Монгол” хэмээх нэрийн гарал үүслийг тайлбарлахад чиглэсэн бус, харин түүхэн сурвалжуудад хэрхэн уламжилж ирснийг баримтаар өгүүлжээ.

Энэхүү судалгааг 20 гаруй эрдэмтэн, судлаач хамтран гүйцэтгэхдээ, олон хэлээрх эх сурвалж, архивын баримт бичиг, газрын зураг зэрэг бодит хэрэглэгдэхүүнд тулгуурласан байна.
Судалгааны гол үр дүнгийн нэг нь олон улсад хэрэглэж буй “Монголиа” гэдэг нэрийн утга, хэлбэрийг тодруулсан явдал юм. Өөрөөр хэлбэл, “Монгол” хэмээх нэр өрнө, дорны хийгээд монгол хэлээрх сурвалжууд, архивын баримтыг мөшгөн нягталсны эцэст Монгол Улс, Монгол Улсын иргэнийг илэрхийлэхдээ уугуул нэрд нь нийцүүлж “Монгол” гэж бичиж хэвшүүлэх нь зохистой хэмээх саналыг хэл, түүхийн эрдэмтэд дэвшүүлжээ. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд, “Монгол” хэмээх нэр өрнө дахины хэлнээ “Mongolia” болж өөрчлөгдсөн цаг үе нь XYII-XYIII зуун аж. Түүнчлэн латин хэлний “-ia” дагавар нь газар орны нэр үүсгэх дагавар тул “Монголиа” гэдэг нь “Монголчуудын орон” гэсэн утгыг агуулах аж. Иймд эх сурвалж, баримтуудад 1000 орчим жил өөрчлөлтгүй явж ирсэн жинхэнэ дуудлагыг нь харгалзан үзэж, цаашид Монгол Улс, Монгол Улсын иргэнийг илэрхийлэхдээ уугуул нэрэнд нь нийцүүлж "Mongol" гэж бичиж хэвшүүлэх нь зохистой хэмээн үзжээ.
Номын нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, доктор Ч.Лодойравсал хэлэхдээ, “Монголчууд өөрсдийгөө эртнээс “Монгол”, “Монголчууд” хэмээн нэрлэж ирсэн нь хэлний хувьд маргаангүй, тогтвортой уламжлал юм. Харин дэлхийн улс орнууд Монгол Улсыг хэрхэн нэрлэж ирсэн, тэр нэршил цаг хугацааны явцад хэрхэн хувьсан өөрчлөгдөж, дуудлага бичлэг нь яаж хувирч ирснийг судлах нь чухал ач холбогдолтой” гэдгийг тодотгоод, “Ийм судалгаа нь зөвхөн нэршлийн асуудлыг тодруулах төдий биш дэлхийн улс орнууд монголчуудыг хэрхэн харж, ямар өнцгөөс үнэлж
ирснийг ойлгох боломжийг олгодог.
Мөн монголчуудын зөв, зохистой нэршил ямар байх ёстой вэ гэдгийг тодорхойлох суурь судалгаа болно” хэмээн онцолсон юм.
МУИС-ийн проректор, Монгол судлалын хүрээлэнгийн захирал, доктор Д.Заяабаатар ярихдаа,
“Монгол”, “Монголиа” гэсэн хоёр нэр түүхийн эх сурвалжуудад ямар хэлбэрээр тэмдэглэж ирснийг тодруулж гаргах нь судалгааны нэг зорилго байсан. Үр дүнд нь “Монгол” гэдэг нэр цаг хугацааны хувьд илүү эртний бичгийн дурсгалд хэрэглэгдэж байсан бол хожим өрнө дахины хэлний “-ia” дагавар нэмэгдсэнээр “Монголиа” гэх хэлбэр түгэн дэлгэрснийг тогтоосон” гэдгийг тодотгож байв.
Монгол Улсын Ардын багш С.Дулам,
“Судалгаанд XIII-XVIII зууныг хүртэлх хугацааг хамруулж, монгол бичгийн олон төрөл, уламжлалаар бичигдсэн сурвалжууд, дорно, өрнө дахины олон хэлээр архивын баримт бичгийг нягтлан шинжилжээ. Судалгаанд багтсан сонирхолтой хэсгийн нэг нь газрын зургийн эх сурвалжууд юм. Тухайлбал, Европын анхны газрын зураг бүтээгчдийн нэг Абрахам Ортелийн 1570-аад оны бүтээлээс эхлээд 1794 оныг хүртэлх газрын зургууд дээр “Монгол” хэмээх нэр хэрхэн тэмдэглэснийг харуулсан байна. Мөн 1829 оны Азийн газрын зургуудыг ч багтаан танилцуулжээ. Эдгээр газрын зургийг өнөө үед олж үзэхэд амаргүй тул нэг дор эмхэтгэн оруулсан нь дараагийн судлаачдад үнэтэй эх хэрэглэгдэхүүн болж, өөрсдийн дүгнэлт, шинжилгээг хийх боломжийг бүрдүүлжээ.
Дорно, өрнө дахины олон хэлэнд “Монгол” хэмээх нэр нь ихэвчлэн эх дуудлагатай ойролцоо боловч бага зэрэг ялгаатай хэлбэрээр тэмдэглэгдэн ирсэн бөгөөд өнөө хүртэл зарим хэлэнд тэр ялгаа хадгалагдсаар байна. Гэсэн хэдий ч сүүлийн үед зарим улс орон өмнөх буруу дуудлагаа засаж, эх дуудлагад ойртуулах хандлага гаргаж, тодорхой хэмжээнд хэрэгжүүлж эхэлж буй нь сайшаалтай” хэмээв.


Сэтгэгдэл бичих