Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнгээс дараах тодруулгыг хийлээ.
-УИХ Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталбал олонхийг бүрдүүлж байгаа нам УИХ-ын гишүүнээ эгүүлэн татдаг болно гэх зүйл яригдаж эхэллээ. Энэ үнэн юм уу. Ард түмний сонголтоор сонгогдсон УИХ-ын гишүүнийг намын шийдвэрээр эгүүлэн татдаг болбол тодорхой хуулиудыг зөрчсөн үйлдэл болохгүй юу?
-УИХ-аас уг хуулийг баталбал УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудал олонхийг бүрдүүлж байгаа намын эрх мэдэлд шилжинэ. Олонхийг бүрдүүлж байгаа нам хэнийг татах вэ гэдгийг шийднэ. Энэ байж болохгүй. Өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүнийг ямар тохиолдолд эгүүлэн татах вэ гэдэг асуудал тодорхой хуулиудаар зохицуулагдаж ирсэн. УИХ-ын гишүүн гэмт хэрэгт холбогдвол буцааж татах боломжтой гэсэн үг. Хуулиндаа заасан байдаг.
Харин ёс зүйн алдаа гаргавал яах вэ гэдэг тодорхой зүйл байдаггүй. Бусад улс орны практикт ч байдаггүй. Тэгэхээр үүнийг хэрхэн шийдэх вэ гэвэл ёс зүйтэй хүнийг намууд нэр дэвшүүлэх ёстой. Ёс зүйтэй хүнийг ард иргэд сонгох ёстой. Өнөөдөр төрийн эрх барих түвшинд нэг гажуудал гарсан. Төрийн эрх барих дээд байгууллага УИХ байдаг. Гэтэл УИХ-ын гаргасан шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц өөрчилж байна. Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдэл хэдхэн хүний гарт очсон.
Үндсэндээ төрийн эрх барих дээд байгууллага Үндсэн хуулийн Цэц болчихсон байна. Энэ гажуудлыг яаралтай засахгүй бол маш ноцтой нөхцөл байдал үүснэ.
Цэцийн хэдэн гишүүн УИХ-ын хувь заяаг шийддэг болох гэж байна. Нийгэмд сүүлийн үед болж байгаа үйл явдлууд, хоорондоо зодолдож байгаа нь, нүүрсний асуудал, Хөгжлийн банкны асуудал, ЖДҮ-ийн асуудал гэх мэт ард түмний бухимдлыг төрүүлэх олон асуудал гарч байна. Энэ бүхэн мөнгөний сонгуультай холбоотой. Яагаад гэвэл асуудалтай хүмүүсийг намууд нэр дэвшүүлж байна. Гэтэл тэд сонгогдоод төрийн эрх барих байгууллагын нэр хүндийг унагаж байна. Тиймээс ард түмний байгуулсан төрийн эрх барих байгууллагыг хялбараар өөрчилж болохгүй.
Ёс зүйн асуудлаар хүнийг эгүүлэн татна гэдэг маш төвөгтэй. Ямар ёс зүйн зөрчлийг үндэслэх вэ гэдэг нь хүндрэлтэй асуудал. Ёс зүй гэдгийг дур зоргоор тайлбарлан олонхийг бүрдүүлж байгаа нам юу ч гаргаж ирээд шийдэж болох нөхцөл бүрдэнэ. Ингэснээр олонх намын дарга хэнд ч дийлдэхээргүй эрх мэдэлтэй болно.
Тиймээс парламентын ардчилал эмзэг байдалд орж байна гэдэгтэй санал нийлж байна. Энэ бол ярилцах ёстой асуудал. Ярьсаар ирсэн ч шийдлээ олж чадахгүй байна. Ард түмэн асуудал байна гэж үзэж байгаа нь зөв. Гэхдээ намууд ч, иргэд ч ёс зүйтэй, зөв хүмүүсийг сонгох хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй. Намын гишүүн байхад хэн ч байсан хамаагүй, мөнгө сайн тарааж байвал “мундаг” гэж сонгож болохгүй. Төрийн эрх барих дээд байгууллага бол жирийн албан байгууллага шиг халж, сольж болдог бүтэц биш.
Энэ бол ард түмний элч, “бага ард түмэн” юм. Үндсэн хуулиар ч хамгаалагдсан байдаг. Хэрэв намуудын хооронд зөрчил гарвал олонх болохын төлөө нэгнийгээ шахан зайлуулах оролдлого гарч болно. Ийм тохиолдлууд өмнө нь ч гарч байсан. Сонгуулийн үр дүнгийн дараа зарим хүмүүсийг оруулж ирэхгүй байх тохиолдол ч байсан. Энэ нь ард түмний сонголтод нөлөөлж буй үйлдэл юм. Одоо бүр сонгогдоод орж ирсэн гишүүдийг ч янз бүрийн шалтгаанаар эгүүлэн татах нөхцөл үүсэх гэж байна. Төрийн эрх барих дээд байгууллага учраас нэг, хоёр хүнийг татсанаар улс төрийн тэнцвэр алдагдаж, бүр төрийн эргэлттэй дүйцэх нөхцөл байдал үүсэх эрсдэлтэй гэлээ.


Сэтгэгдэл бичих