Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн багш нарын “Урлаг ба урлахуй-2026” уран бүтээлийн үзэсгэлэнг тус төвийн “Орд” арт галерейд өнөөдөр нээлээ.
Тус үзэсгэлэн нь уран бүтээлч багш нарын бүтээлч сэтгэлгээг дэмжих, тэдний мэргэжлийн ур чадварыг олон нийтэд сурталчлан таниулах, харилцан туршлага солилцох нээлттэй талбар болох зорилготой юм.
Энэхүү үзэсгэлэнг уралдаант хэлбэрээр зохион байгуулж буйгаараа онцлог ба багшийн уран бүтээлч сэтгэлгээ, хүүхдийн урлагийн боловсролын хөгжилд бодит хувь нэмэр оруулж, үндэсний соёлын өвийг өвлүүлэн үлдээхэд чухал ач холбогдолтой юм.
Монголын Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг ярихдаа, "Энэхүү үзэсгэлэнг энэ жил 15 дахь удаагаа “Монголын түүх” сэдвийн хүрээнд зохион байгуулж байна. Манай төв хүүхэд багачууддаа үндэсний өв соёл, уламжлал, түүх, зан заншлыг таниулах, өвлүүлэн үлдээх зорилготой ажилладаг. Иймээс уран бүтээлч багш нарынхаа бүтээлээр дамжуулан хүүхэд, сурагчдад монголынхоо түүх, соёлыг танин мэдэх, сонирхон судлах сэдэл төрүүлэхийг зорьж байна" гэв.

Энэ удаагийн үзэсгэлэнд нийт 24 багшийн 45 бүтээлийг дэлгэжээ. Үзэсгэлэнгийн бас нэгэн онцлог нь үзэгчид сонирхсон бүтээлээ худалдан авах боломжтой юм.
Арьсан урлалын багш Э.Бямбасүрэн, "Энэхүү “Домог амилахуй” бүтээл нь арьсан урлалын төрөлд хамаарна. Арга ажиллагааны хувьд нэлээд нарийн, чимхлүүр техник ашиглан хийсэн. Тухайлбал, арьсан хөөмөл болон арьсан сүлжээсийн аргыг хослуулж, арьсаар илэрхийлж болох уран сайхны боломжийг өөрийн шийдлээр гарган бүтээсэн. Бүтээлийн агуулгын хувьд “Зээ бад” хэмээх бэлгэдлийг бамбайн дүрслэл дээр тусгасан. Энэхүү дүрс нь эртнээс бат бөх, хүчирхэг байдал, эв нэгдэл, муу муухай зүйлээс хамгаалах утга санааг илэрхийлдэг. Шашин, соёлын хүрээнд өргөн хэрэглэгдэж ирсэн уламжлалт бэлгэдэл юм. Иймээс бамбай хэлбэрийг сонгон авч, дээр нь уг дүрслэлийг шингээх замаар хамгаалах, бат бэх байх, эв нэгдлийг эрхэмлэх үзэл санааг бүтээлдээ илэрхийлсэн" гэв.

Хүүхэлдэй, бэлэг дурсгалын багш А.Үржинханд, “Өв” бүтээлдээ нүүдэлчдийн соёлын өв болох малын тамгыг орчин үеийн урлагтай хослуулж ханын чимэг болгон урласан. Уг бүтээлийг хийхдээ эхлээд эскиз санаан дээр нэлээд хугацаа зарцуулсан. Янз бүрийн хувилбар гаргаж, уламжлалт тамга тэмдгийг орчин үеийн урлагтай хэрхэн зохицуулах, ханын чимэглэлд хэрхэн гоёмсог шийдлээр тусгах талаар бодсон. Ингээд хоёр сар гаруйн хугацаанд эскиз, загвар, гүйцэтгэлийг хийж дуусгасан. Монголчууд эртнээс овог, аймаг бүр өөрийн гэсэн тамга тэмдэгтэй байсан бөгөөд тэдгээрийг судалж бүтээлээ туурвисан. Мөн бүтээлээрээ дамжуулан уламжлалт соёл, орчин үеийн урлагийг хослуулан шинэ өнгө төрх бий болгох боломжийг харуулсан” гэв.

Уран зургийн багш О.Пүрэвдорж "Манай үзэсгэлэнгийн ерөнхий сэдэв нь XIII зуунаас өнөөг хүртэлх монголын түүхэнд болсон онцлох үйл явдлыг уран бүтээлээр дамжуулан харуулахад чиглэж байгаа. “Эх орны төлөө 1945” бүтээлдээ 1945 оны Чөлөөлөх дайнд баатарлагаар амь эрсэдсэн хөнгөн пулемётч Аюуш, Дашдондог нарыг дүрсэлсэн. Эдгээр баатар тухайн үед олон шарх авсан ч дайсны галын цэгүүдийг устган, эцсийн мөч хүртэл тэмцсээр, улмаар гардан тулаанд орж амь эрсэдсэн баатарлаг түүхтэй.
1945 оны энэхүү дайн нь Монгол Улсын тусгаар тогтнол, эрх чөлөөг олж авахад чухал нөлөө үзүүлсэн түүхэн үйл явдал юм. Иймээс эх оронч үзэл, эх орныхоо төлөө зүтгэх сэтгэл монгол хүн бүрийн зүрхэнд оршдог гэсэн санааг бүтээлдээ илэрхийлэхийг зорьсон. Зургийн зохиомжийн хувьд дайны ширүүн нөхцөл дунд, түр амсхийж буй агшныг дүрсэлсэн" гэв.

Тус үзэсгэлэн энэ сарын 22-ныг хүртэл олны хүртээл болно.

Сэтгэгдэл бичих