Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлаар сайд нар мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн ээлжит хуралдаанаар 23 асуудлыг хэлэлцсэн ба Ерөнхий сайдын албан даалгавар бүхий 49 үүрэг чиглэлийг сайд нарт өгсөн байна. Мөн хувийн хэвшлийг саадгүй үйл ажиллагаа явуулах хүрээнд төрөөс явуулдаг 9376 хяналт, шалгалтыг зогсоохоор болсныг Шадар сайд Н.Номтойбаяр мэдээллээ.

Тэрбээр “Засгийн газрын хуралдаанд Ерөнхий сайд найман асуудлаар үүрэг даалгавар өгсөн. Ойрх Дорнодод үүсэж байгаа асуудалтай холбоотой Монгол Улсад шууд болон шууд бусаар нөлөөлөл их байна. Ерөнхий сайд Н.Учрал аливаа асуудлыг шийдэхдээ шалтаг тоочих бус, шийдэл эрэлхийлж түргэн шуурхай ажиллах зарчим баримталж байгаа. Энэ хүрээнд нэн тэргүүнд хувийн хэвшлээ бүхий л боломжоор дэмжинэ. Төрөөс шат дараатай хийгддэг олон шалгалтыг цуцалж, хувийн хэвшлийг хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр хангахаар боллоо. Улсын нөөцөөс гаргаж байгаа 5.3 тэрбум төгрөгийг болзошгүй хямралд бэлэн байдлыг хангах хүрээнд тоног төхөөрөмж бэлдэнэ” гэв.
Түүнчлэн төрийн албан хаагчдыг долоо хоногийн тодорхой өдрүүдэд цахимаар ажиллуулах асуудлыг салбарын сайд нар бие даан шийдвэрлэх боломжтойг хурлын үеэр онцоллоо.
Энэ талаар ярихдаа, “Энэ бол зардал хэмнэх, эдийн засаг болон нийгмийн ач холбогдолтой хувилбар. Салбарын сайд нар ажлын ачаалал, цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдуулан үүнийг шийдэх эрхтэй” хэмээн тайлбарлав.
Мөн хувийн хэвшлийн хувьд ажилтнуудаа зайнаас ажиллуулах эсэх нь тухайн байгууллагын дотоод шийдвэр бөгөөд энэ нь хууль зөрчсөн асуудал биш гэдгийг тодотгосон юм.

Сэтгэгдэл бичих