Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн захирал доктор Н.Манчук, Монголын Динозавр судлалын хүрээлэнгийн үүсгэн байгуулагч доктор М.Болорцэцэг нар хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү хамтын ажиллагаа нь Монголын палеонтологийн ховор олдворуудыг дэлхий нийтэд сурталчлах, музейн стандартыг олон улсын түвшинд хүргэх, ялангуяа музейн мэргэжилтнүүдийг чадавхжуулах үндсэн зорилготой аж.
Хамтын ажиллагааны гол чиглэлүүд:
- Боловсон хүчнийг чадавхжуулах: Музейн куратор, тайлбарлагч болон сан хөмрөгчдийг палеонтологийн олдвортой харилцах, тэдгээрийг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлах, сэргээн засварлах арга зүйд сургах тусгай хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.
- Эрдэм шинжилгээ, судалгаа: Үлэг гүрвэлийн олдворуудыг судлах, шинээр бүртгэх, тэдгээрийн түүхэн ач холбогдлыг тодорхойлоход хоёр байгууллага эрдэм шинжилгээний баг бүрдүүлж ажиллана.
- Олон нийтийн боловсрол: Хүүхэд, залуучуудад зориулсан байгалийн түүх, шинжлэх ухааны боловсролын хөтөлбөрүүдийг хамтран боловсруулж, виртуал болон интерактив хөтөлбөрийг музейн боловсролын хөтөлбөрт нэвтрүүлнэ.
Эх сурвалж: Байгалийн түүхийн музей

Сэтгэгдэл бичих