Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-тай хамтран өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас "Хавраас хамтдаа аюулгүй зорчъё" аяныг хэрэгжүүлж буй.
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ)-аас дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл дуустал мотоцикл, суррон, цахилгаан дугуй зэргийг хориглосон захирамж гаргасан юм. Тэгвэл уг захирамжийн хугацаа дуусах дөхөж байгаатай холбогдуулан ХЭҮК-оос өнөөдөр хэвлэлийн хурал зарлалаа.
Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс авсан мэдээллээр сүүлийн хоёр жилийн хугацаанд
- скүүтэрээс үүдэлтэй осол 80 буюу 55,5 хувь,
- мотоциклоос үүдэлтэй осол 112 буюу 12,6 хувь,
- мопедоос үүдэлтэй осол 630 буюу 11 дахин,
- суррон, цахилгаан дугуйгаас үүдэлтэй осол 205 буюу 4.1 дахин өссөн байна.
Тодруулбал өдөрт дунджаар 36,990 хэрэглэгч эдгээр тээврийн хэрэгслийг ашиглан, 600 мянга орчим автомашинтай зэрэгцэн, явган хүмүүсийн хамтаар замын хөдөлгөөнд оролцдог.
ХЭҮК-ын зүгээс санаачлан эхлүүлж буй “Хавраас хамтдаа аюулгүй зорчъё” аянд нэгдсэн ТЦА, Жэт шэйринг ХХК, Тапатрип ХХК, Эко технологи ХХК, Юу гөү инвестмент монголиа ХХК, Хурд хүч ХХК-ийн удирдлага хамтран оролцож байгаа аж.
НЗДТГ-аас дээрх тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох журмын төсөл батлахаар холбогдох байгууллагатай хамтран ажиллаж байгаа юм. Одоогоор уг журмыг батлаагүй тул иргэдийн аюулгүй зорчих эрхийг хангаж, зорчих хөдөлгөөнийг сайжруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авахыг тэд сануулав.

ХЭҮК-оос бусад албадад олон зөвлөмж хүргүүлсэн. Тухайлбал
- скүүтер унахдаа 20 км цагаас хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцох,
- скүүтер болон цахилгаан дугуйг хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэг, сургуулийн ойр орчимд, цэцэрлэгт хүрээлэн зэрэг иргэд олноор цугларсан газруудаар нэвтрэхгүй,
- хөдөлгөөнд оролцохдоо иргэд гар утсаа ашиглахгүй байх,
- явган хүний гарцаар гарахдаа тээврийн хэрэгслээ түрж гарах нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаална.
Үүнээс гадна 18 насанд хүрээгүй хүүхдүүд мотоцикл зэрэг тээврийн хэрэгсэл унахыг хориглодог. Гэтэл эцэг, эхчүүд нь өөрсдөө өсвөр насны хүүхдэдээ ийм төрлийн тээврийн хэрэгсэл авч өгөөд байгаа нь олон эрсдэл дагуулж байна.
Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид нь насанд хүрээгүй хүүхдүүдэд дээрх тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцуулахдаа холбогдох хуулийг мөрдүүлэх үүрэгтэй. 10 хүртэлх насны хүүхдийг хөдөлгөөнд ганцааранг нь зорчуулахгүй байх зохицуулалт бий.
Явган хүний замаар зөвхөн явган хүн зорчих ёстой. Дугуйн замаар дугуй болон скүүтер унаж байгаа иргэд бусад тээврийн хэрэгсэл ашиглаж байгаа нь авто замаараа дүрмээ баримталж явах ёстойг албаныхан сануулж буй.
"Асран хамгаалагчид нь хүүхдийнхээ аюулгүй байдалд санаа тавих ёстой"

Энэ үеэр Тээврийн Цагдаагийн Алба(ТЦА)-ны Урьдчилсан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Г.Отгонтамир "Ирэх дөрөвдүгээр сарын 10-наас хоёр дугуйт тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож эхэлнэ. Энэ үед зорчигчдын аюулгүй байдал нэн тэргүүнд анхаарах ёстой зүйл.
Унадаг дугуйн замаар хоёр дугуйт тээврийн хэрэгсэлтэй иргэд зорчино. Ийм зам байхгүй тохиолдолд зорчих хэсгийн баруун талаар явна гэсэн дүрмийн заалтыг ягштал баримтлах хэрэгтэй. Ингэхдээ иргэд хамгаалалтын малгай өмсөх ёстой.
2025 онд хоёр дугуйт тээврийн хэрэгслийн ослын 420 дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Үүнээс
- Цахилгаан мопидтой холбоотой 191,
- Сурронтой холбоотой 164,
- Скүүтертэй 65 ослын дуудлага ирсэн.
Дээрх ослын улмаас 730 орчим хүн хүнд, хөнгөн хэлбэрээр гэмтсэн. Эмч нарын мэдээлснээр уг ослын улмаас иргэдийн ихэнх нь гавал, тархи, нуруундаа бэртдэг.
Өнгөрсөн жил насанд хүрээгүй хүүхэд суррон унаж яваад амь насаа алдсан хоёр ч тохиолдол бүртгэгдсэн.
Мөн эцэг, эхчүүд хоёр дугуйт тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохдоо бага насны хүүхдүүдтэйгээ оролцохыг хатуу хориглоно. Үүнд цагдаагийн байгууллагаас хяналт, шаардлага тавина.
16 нас хүрээгүй хүнд түрээсийн үйлчилгээ үзүүлэхгүй гэсэн эрхзүйн зохицуулалтыг бидэнд мэдэгдлээр өгсөн байгаа. Тиймээс эцэг, эхчүүд, асран хамгаалагчид нь өөрсдийнхөө эрхээр зорчуулахгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй байна.
Цагдаагийн байгууллагаас энэ жилээс мото эргүүл гаргаж эхэлнэ. Тэр тусмаа сургууль, цэцэрлэгийн орчинд 40 орчим байнгын эргүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Ингэснээр дээрх байдлаар зөрчил гаргасан иргэдэд хуульд заасны дагуу арга хэмжээ авна.
Бидний хийсэн судалгаагаар 350 орчим насанд хүрээгүй хүүхдүүдэд эцэг, эх, асран хамгаалагчид нь цахилгаан мотоцикл худалдаж авч өгч, хөдөлгөөнд оролцуулж байна. Хан-Уул, Баянзүрх дүүрэгт сургуулийн насныхан хамгийн их замын хөдөлгөөнд оролцож байгааг тогтоосон" гэв.

Сэтгэгдэл бичих