Төрд бугшсан авлига хээл хахуультайгаа тэмцэхийн тулд МАН Засгийн газраа огцруулж, дахин шинэ танхим байгуулахаас аргагүй нөхцөлд орсон тухай дуулдаж байна. Энэ тохиолдолд эрх баригч хүчин Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдаар УИХ-ын дарга Н.Учралыг нэр дэвшүүлэх бололтой. Түүнийг өнгөрсөн өвөл МАН-ын даргаар томилогдох үед л Засгийн газраа авах ёстой гэх асуудал хөндөгдөж ирсэн. Гэвч тэрбээр МАН-ын Их хурал дээр Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Засгийн газраа тогтвортой ажиллуулна гэх амлалт өгсөн байдаг.
Харин УИХ-ын хаврын чуулганыг нээсэн мөчөөс УИХ дахь Ардчилсан намын бүлэг “УИХ-ыг намын дарга удирдах ёсгүй. Нэг бол УИХ-ын дарга Н.Учрал албаа өг, УИХ-ын даргаараа үлдэх бол МАН-ын даргын албаа өг” гэх шахалт шаардлага тавьж, чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүйгээ илэрхийлсэн.
УИХ дахь МАН-ын бүлэг 68 гишүүнтэй тул дангаараа чуулганы нэгдсэн хуралдааныг хийх бүрэн боломжтой ч хоёр хуваагдсан нь эцэстээ хууль тогтоох дээд байгууллагын ажил үргэлжлэх боломжгүйд хүрч, гацаанд оруулаад байна.
Сөрөг хүчний зүгээс Засгийн газарт хамтарч байгаа намын 12 гишүүнээ оролцуулаад эрх баригч хүчин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг үргэлжлүүлэх боломжтой гэдэг асуудлыг хөндөж буй ч тултал тал талдаа ажиллаад өнөөдрийн ирцийг 47 хувиас давуулж чадаагүй.
Эрх баригч хүчний хувьд нэг бүдэрхээр долоо бүдэрнэ гэгч нь болоод буй. Учир нь, бүлгийн 68 гишүүн нь хуваагдсаны дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд нь авлигын хэрэгт нэр холбогдсон нь олон нийтийн хувьд “Энэ Засгийн газарт итгэл үзүүлж болох юм уу” гэх асуудлыг ч хөндөх болсон. Хэд хоногийн өмнө Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг “Бодь групп”-ээс хоёр удаагийн үйлдлээр 1.3 сая ам.доллар бэлнээр авсан, гэрчтэй” хэмээн шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хэрэгт холбогдох мэдээллийг хүргүүлсэн юм. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дээрх мэдээллийг үгүйсгэсэн ч нүүрсний хулгайтай тэмцэх амлалт өгөн Хууль зүй дотоод хэргийн сайдын албанд очсон албан тушаалтан нь авлигын хэрэгт нэр холбогдсон нь ёс зүйгүй үйлдэл тул нэн даруй огцорч шалгуулах ёстой гэх шаардлагыг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс ч тавьж эхэлсэн. Зөвхөн Б.Энхбаяр сайдаар тогтохгүй Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэтэй холбоотой асуудал мөн сөхөгдөж, төрийн чухал мэдээллийг устгасан гэх хэрэгт асуудалд холбогдсоноос эхлээд Засгийн газарт хариуцлага тооцохоос аргагүй нөхцөл байдал үүссэн тухай дуулдаж байна.
Улс төрийн хүрээнд УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар нэр цэвэр биш бас л авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон тул зориудаар Засгийн газраар туг тахиж, хэргээ цайруулах оролдлогыг хийж байна гэх хардлага гарч буй ч УИХ-ын дарга Н.Учралыг спикерээс нь буулгах замаар Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийг парламентаар батлуулахгүй байх алсын зорилго бас өвөртөлж байж мэднэ гэх хувилбар ч бас давхар хөндөгдөж байна.
УИХ-ын намрын чуулганаар УИХ дахь МАН-ын бүлэг хоёр хуваагдсанаас УИХ-ын даргаас Д.Амарбаясгаланг буулгасан бол энэ удаагийн хуваагдлаар Н.Учралыг сөрөг хүчний шахалт шаардлагаар УИХ-ын даргынх нь албан тушаалаас чөлөөлүүлж, улмаар Засгийн газрыг шинээр байгуулахаас аргагүй байдалд буланд шахаж эхэллээ.
УИХ-ын дарга Н.Учралын хувьд 2016 оны УИХ-ын сонгуулиас эхлэн парламентад гурав дараалан сонгогдсон. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Цахим хөгжил харилцаа холбооны сайд, Эдийн засаг хөгжлийн сайдын алба хашиж байсан юм. Нэгдүгээр хүний дэмжлэгтэйгээр МАН-ын дарга болж байсан бол энэ удаад улс төрд үүссэн онцгой нөхцөл байдлын улмаас УИХ-ын даргаас чөлөөлөгдөж, Засгийн газрыг удирдлагадаа авч мэдэх нь ээ.
Энэ цаг мөчид УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж байгаабол залгуулаад МАН-ын Удирдах зөвлөл хуралдана.

Сэтгэгдэл бичих