![]()
УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ч.Анар, Ц.Мөнхбат, Л.Соронзонболд, Ж.Галбадрах нар Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих хууль яагаад хэрэгжихгүй байгаа талаар өнгөрсөн 12-р сард хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Хэлэлцүүлгээс дүгнэхэд Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас хуулийг хэрэгжүүлэх талаар тавьсан асуудалд бусад яамд, Засгийн газрын тусгай сангууд тодорхой хариу өгөөгүй, нэгдсэн байр сууринд хүрээгүй, бусад хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай гэх шалтгаанаар хойшлуулж ирсэн байна. Иймд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар уг асуудалд анхаарал хандуулж кабинетийн зарчмаар манлайлан үзүүлэх шаардлагатай хэмээн үзэж дараах асуулгыг гаргаж байгаа талаар УИХ-ын гишүүн Ж.Золжаргал, Ч.Анар нар өнөөдөр /03.26/ мэдээлэл хийлээ.
Үүнд:
1. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-т “мэдээллийн технологийн үйлдвэрлэлээс төсөвт төвлөрүүлсэн мөнгөн хөрөнгийн 40-өөс доошгүй хувьтай тэнцэх хэмжээний хөрөнгө” гэж заасан виртуал бүсэд бүртгүүлсэн хуулийн этгээдэд үзүүлэх дэмжлэгийн эх үүсвэрийг 2024-2026 онд бүрдүүлээгүй шалтгаан, нөхцлийн талаар;
2. Мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-т “виртуал бүсэд бүртгэгдсэн мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчийн төлсөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд нөхөн олговор олгох;” гэж заасан виртуал бүсэд бүртгэлтэй этгээдийн нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн олговрыг олгох ажиллагаа хэрэгжихгүй байгаа шалтгаан, нөхөн олгож эхлэх хугацаа;
3. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т “Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5.3.5, 5.3.18, 5.3.20-д заасан Засгийн газрын тусгай сангийн хөрөнгийн 5-аас доошгүй хувь” гэж заасны дагуу Жижиг, дунд үйлдвэрийн, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Шинжлэх ухаан, технологийн сангуудын хөрөнгийн 5-аас доошгүй хувийг мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжихэд зарцуулахгүй байгаа шалтгаан;
4. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т “төр мэдээллийн технологийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс татгалзаж худалдан авах ажиллагаагаар хэрэгжүүлэх” гэж заасан бодит байдалд хэрэгжихгүй байгаа шалтгаан, Засгийн газар ямар арга хэмжээ авах талаар;
5. Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар тогтоолоор Засгийн газарт чиглэл өгч, улсын нэгдсэн төсвийн ангилалд мэдээллийн технологийн арга хэмжээ болон кибер аюулгүй байдлын зардлын ангиллыг шинээр бий болгож, тэдгээрийг программ хангамж, техник хангамжийн зардлаар ялган бүртгэх нөхцөлийг бүрдүүлэхийг даалгасан байхад өнөөдрийг хүртэл баталж, хэрэгжүүлэхгүй байгаа шалтгаан;
6. Хуулийн үйлчлэх хүрээг зөвхөн программ хангамж хөгжүүлэлтээр хязгаарласныг “техник хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээ, их өгөгдөл, аналитик, хиймэл оюун ухаан, кибер аюулгүй байдал, аудит нийцэл” зэргээр салбарыг бүхэлд нь хамруулах талаар Засгийн газраас баримталж байгаа бодлого

Сэтгэгдэл бичих