Улаанбаатар хотын баруун захаас зүүн зах хүртэл Туул гол дээгүүр зургаан эгнээ 32 км урт, хурдны замыг барих бүтээн байгуулалтын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлээд буй. Уг шийдвэрийг эсэргүүцсэн иргэд өнөөдөр Төв талбайд жагслаа.
"Дэлхий нийтэд хотын захиргааны байгууллага нь хотоо төлөвлөхдөө ногоон хөгжлийн бодлогыг тусгадаг"

Иргэн "Дэлхий нийтэд хотын захиргааны байгууллагууд нь хотоо төлөвлөхдөө ногоон хөгжлийн бодлогыг тусгадаг болсон. Мөн ногоон хөгжлийн мастер төлөвлөгөөнд суурилсан дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байгаа. Гэтэл хотын захиргааны 42 их наяд төгрөгийн хурдны зам барих төсөл нь байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулахуйц, шалгуурыг хангахгүй төсөл гэдгийг холбогдох үнэлгээний байгууллагын захирлынх нь олон нийтэд мэдээлсэн мэдээллээр ойлгомжтой байна. Иймд энэ төслөө эргэж харж, буруу шийдвэр гаргасан хүмүүстээ хариуцлага тооцоосой гэж бодож байна" гэв.

Иргэн "Энэ зам Улаанбаатар хотын түгжрэлд ямар ч хамаа байхгүй. Хотын түгжрэлийг 30 байтугай гурван хувь ч бууруулахгүй. Ерөнхийлөгчийн Тэрбум мод гэж хөтөлбөр бий. Уг хөтөлбөрөөр иргэд, аж ахуй нэгжүүдийг мод тарихыг уриалдаг. Гэтэл нөгөө талд нь мод устгаад байна. Нэг цаг үеийн удирдлагуудын шийдвэрүүд хоорондоо авцалдахгүй байна. Нэг нь мод тариад, нөгөө нь мод устгаж байна. Бидний мөнгийг яг яаж зарцуулаад байгаа юм бэ? Төрийн бодлого нь нэг байгаач ээ. Мод тарих юм уу? мод тайрах юм уу? Ойлгомжгүй байна.
Хэрэв Туулын хурдны замаа тавих гэж байгаа бол Ерөнхийлөгч Тэрбум мод хөтөлбөрөө цуцлаач ээ" гэв.

Иргэн "Улаанбаатар хотоор дамжин урсаж байгаа хоёр том голыг сэглэж, шавартай нь хутгаж хаясан. Одоо гурав дахь голоо сүйтгүүлмээргүй байна. Энэ зам түгжрэлийг буруулна гэдэгт итгэхгүй байгаа нь миний хувь хүний сэтгэл хөдлөлтэй огт хамаагүй. Учир нь энэ замыг тавихаар хотын төвөөс хөдөлгөөн хэрхэн татагдаж, яаж түгжрэл 30 хувь буурах тухай тооцоололт огт байхгүй байна" гэв.
Эх сурвалж: ikon.mn

Сэтгэгдэл бичих