
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтад улсын үзлэг хийж дуусжээ.
Улсын үзлэг нь төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын өнөөгийн байдлыг үнэлэх, түвшинг тогтоох, хуулийн хэрэгжилтийн бодит нөхцөл байдлыг тодорхойлох, цаашдын бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгоход чухал ач холбогдолтой.
Энэ удаагийн улсын үзлэгийг 2019 оноос хойш буюу зургаан жилийн дараа хийсэн бөгөөд 2020 онд батлагдан хэрэгжиж буй Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, үнэлэлт дүгнэлт өгснөөрөө онцлогтой болжээ.
Төв комиссын энэ удаагийн хурлаар улсын үзлэгийн зохион байгуулалт, үр дүн, тайлан, үнэлгээ, санал, танилцуулга болон Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын нэгдсэн дүнтэй холбоотой асуудлаар нийт гишүүдийн саналыг авч хэлэлцсэн байна.
Улсын хэмжээнд нийт 4866 байгууллага энэ үзлэгт хамрагдаж, нэгдсэн дундаж дүнгээр 83.6 хувьтай гарчээ.
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийн дүнг үндэслэн Засгийн газраас холбогдох шийдвэр гарна гэж Хууль зүй, дотоод хэргийн яамнаас мэдээллээ.

Сэтгэгдэл бичих