
Эрх баригч хүчнийхний талцал хуваагдлыг ашиглан гуравдагч хүчнүүд хөдөлж эхэллээ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр УИХ-ын дарга Н.Учралыг албан тушаалаасаа чөлөөлөгдтөл чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй байх шийдвэр гаргаснаа мэдэгдсэн. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Р.Батболд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарыг чөлөөлөх шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлэх болсноо зарлав. Энэ тухай тэрбээр “Б. Батбаатар нь Улс төрийн намын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.4 дэх хэсэгт заасны дагуу намын үнэт зүйл зарчмыг ноцтой зөрчсөн тул намын гишүүнчлэлээс хасаж, цаашид ИЗНН-ыг төлөөлөх эрхгүй шийдвэрийг Онц их хурлын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар гаргасан. Тиймээс ИЗНН-ын гишүүнчлэлгүй болсон УИХ-ын гишүүн Б.Батбаатарыг Засгийн газрын гишүүнээс нэн даруй чөлөөлж, хамтарсан Засгийн газрын гэрээг хууль ёсны шинэ удирдлагатай шинэчлэн баталгаажуулахыг шаардаж байна” гэв.
ИЗНН нь саяхан Онц их хурал хийж, намын даргаараа УИХ-ын гишүүн Р.Батболдыг сонгосон. Гэхдээ энэхүү Онц их хурлаас гаргасан шийдвэрийг сайд Б.Батбаатар хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдсэн ч УИХ-ын гишүүн Р.Батболдын хувьд Засгийн газрын тэргүүнд хандан огцруулах шаардлага тавихаар болсон нь танхимынх нь хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж эхэлсэн үед нэрмээс л болж байна.
Хамтарсан Засгийн газрын бүрэлдэхүүнд багтдаг ХҮН намын гишүүн П.Наранбаярыг МАН-ын гишүүд шахаж шаардсаар Боловсролын сайдаас чөлөөлөгдөх хүсэлтийг нь гаргуулаад буй. Ерөнхий сайд Г.Занданшатар түүний хүсэлтийг шууд шийдвэрлэж чадахгүй ацан шалаанд орсон нь УИХ дахь Ардчилсан намын бүлгээс тавьж буй шахалт шаардлагатай холбоотой гэх яриа дуулдах болсон. Учир нь, сөрөг хүчнээс УИХ-ын дарга Н.Учралыг албан тушаалаас нь буулгах шахалт үзүүлж эхэлсэн нь Засгийн газар ч тогтоход бэрхтэй болгож байгаа.
МАН-ын дарга, УИХ-ын дарга Н.Учрал өчигдөр /2026.03.15/ Ерөнхий сайд Г.Занданшатар, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нартай уулзах үеэрээ танхимаа хамгаалж үлдэх даалгаврыг Засгийн газрын тэргүүнд өгсөн, танхимын эсрэг ажилласан гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй байх шахалт үзүүлэхээ мэдэгдсэн гэх ч "эсэргүү нар" нь үл тоох бололтой. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн Н.Учрал УИХ-ын даргаасаа буухад хүрвэл Засгийн газраа удирдана. Энэ тохиолдолд хоёр Ерөнхий сайдтай байх боломжгүй тул Г.Занданшатар сайд чөлөөлөгдөх эсхүл огцрохын аль нэгд хүрнэ.
Нэг ёсны УИХ дахь Ардчилсан намын бүлэг УИХ-ын даргыг чөлөөлөх хүсэлтийг парламентад өргөн мэдүүлж, хэлэлцүүлсэн нөхцөлд МАН-ын бүлэг 68-уулаа нэгэн цул болж нэгдэхгүй л бол тогтоход бэрх.
Иймээс тус бүлэг дотооддоо үүссэн хагарал зөрчлөө эцэс болгон нэгдэх, эсхүл хагарсан чигээрээ цаашдаа фракц, фракцаараа улс төрөө үргэлжлүүлэх сонголтын өмнө ирээд байна.
Засгийн газарт хоёр ч сайдын суудалтай ХҮН нам энэ цаг мөчид Төрийн ордонд хуралдаж цаашид хэрхэхээ хэлэлцэж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар Боловсролын сайд П.Наранбаярыг чөлөөлөх шийдвэр гаргавал ХҮН нам танхимаас гарч мэдэх нь. Энэ тохиолдолд хоёр ч сайдын суудал эзгүйрнэ. Сайдын албан тушаал горилсон гишүүд парламентад тэр дундаа эрх баригч хүчин дунд олон бий. Гэвч өнөөдөр нь сайдаар томилогдтол маргааш нь огцрох болбол яах вэ гэдэг асуулт ээрэх болсон.
Нэг ёсны Засгийн газар дахин шинээр байгуулагдахад хүрвэл МАН дангаараа танхимаа байгуулах уу, аль эсвэл хамтрагч хайх уу гэдэг асуудал ч давхар хөндөгдөж байна. Нэгэн цагт МАН-ын дэргэдэх НАМЗХ-г удирдаж, сайдын алба хашиж явсан УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өрх тусгаарлан Үндэсний эвслийг тэргүүлэх болсноор дөрөв дэх жилрүүгээ орж буй. Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газраа байгуулахдаа УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт урилга илгээж хамтрах хүсэлт тавьсан. Илүү тодруулбал, Шадар сайдын алба санал болгосон. Харин Н.Номтойбаяр гишүүнд дээрх алба таалагдаагүй. Нэг ёсны өөрийнх нь хийж чадах, мэдэх салбар биш гэж үзсэн. Иймээс саналыг хүлээн авах татгалзсан байдаг. Нөгөө талдаа Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн хүссэнээр танхимаа байгуулж чадаагүй зэрэг нь хамтрах саналаас татгалзахад хүргэсэн юм. Иймээс хамтарсан Засаг тогтох уу, огцрох уу гэдгийг бусад улс төрийн хүчнээсээ дутахгүй чих тавин анхаарч байгаа нам бол Үндэсний эвсэл гэж тодорхойлж болно.
Хаврын чуулган эхэлсэн даруйд УИХ-д суудалтай бүх л намууд Засгийн газрын танхимд хөдөлгөөн орох нь уу, огцрох нь уу гэдэгт анхаарч, цаашид ямар улс төрийн нүүдэл хийхээ тандацгааж байна.
Г.ХОРОЛ

Сэтгэгдэл бичих