Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ


3-р сарын 12
17 цаг 08 минут

 Монголын Мянганы сорилтын сангаас уламжлал болгон зохион байгуулдаг “Усны тухай ярилцъя” сэтгүүлчдийн уулзалт шинээр байгуулсан Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрт боллоо.

 

Монголын Мянганы сорилтын сан Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорац хооронд байгуулсан Мянганы сорилтын II Компакт гэрээ буюу Усны Компактын хүрээнд нийслэлийн ус хангамжийг нэмэгдүүлж, хүртээмжийг сайжруулахын зэрэгцээ ойрын ирээдүйд учирч болзошгүй усны хомсдолоос сэргийлэх зорилго бүхий “Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр”-ийг 2021 оны гуравдугаар сарын 31-нээс эхлэн таван жилийн хугацаанд багтаан хэрэгжүүлж, дуусаж байна. Үүнийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын ус хангамжийн урт хугацааны тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ улс орны ирээдүйн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжиж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг биелүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна.  Хөтөлбөр товлосон хугацаанд амжилттай хэрэгжиж дуусаж байгаа бөгөөд нийслэлийн зургаан дүүргийн гэр хорооллын 180 ус түгээх байрыг бүрэн автоматжуулж, 2025 оны есдүгээр сард хүлээлгэн өгчээ.

 

Харин Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр болон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болсон байна. Хоорондоо харилцан уялдаа бүхий энэхүү гурван төсөл нь усны салбарт сүүлийн 30 жилд оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт бөгөөд ус хангамжийн салбарт тулгамдаж байгаа асуудлуудыг цогцоор нь шийдэхээрээ онцлогтой. Тодруулбал, “Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр бий болгох” төслийн үр дүнд хотын нийт ус хангамж 50 сая хүртэлх шоо метрээр нэмэгдэнэ. Тэгвэл “Хаягдал ус дахин боловсруулах” төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа хаягдал ус дахин боловсруулах томоохон үйлдвэрийг ус дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц, холбогдох дэд бүтцийн нь хамт барьжээ. Нийт 17 байгууламжаас бүрдэх энэ үйлдвэр нь шинэ Төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал усыг боловсруулж, жилд 18 сая хүртэл шоо метр дахин ашиглах цэвэрлэсэн усыг дулааны гурав болон дөрөвдүгээр цахилгаан станцын хэрэгцээнд нийлүүлж, эрчим хүчний салбарт дахин боловсруулсан усыг ашиглах боломжийг бий болгож байгаа юм.

 

Төсөл хэрэгжсэнээр дулааны цахилгаан станцуудын техникийн усны хэрэглээний 85 хүртэл хувийг дахин боловсруулсан усаар орлуулж, гүний цэвэр усны хэрэглээг жилд 18 сая хүртэл шоо метрээр бууруулах тооцоо гарсан байна. Дөрөв хоногийн дараа албан ёсоор нээх уг үйлдвэрийг Монгол Улсын Засгийн газрын санхүүжилт, монгол инженерүүдийн хөдөлмөр зүтгэл, америк мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр бүтээн байгуулснаараа онцлогтой. Хаягдал усыг дахин боловсруулж ашиглах нь Монгол Улсын хувьд ус хангамжийн цоо шинэ эх үүсвэрийг бий болгоно. 

 

Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрт хамгийн сүүлийн үеийн техник технологи, тоног төхөөрөмж ашиглах тул дийлэнх үйл ажиллагааг автоматчилжээ. Үйлдвэр ашиглалтад орсны дараа үйл ажиллагааг 46 хүн хариуцаж ажиллах юм байна. Мөн ДЦС-уудад 10 орчим ажлын байр шинээр бий болно. Эдгээр хүний нөөцийг үйлдвэрийн туршилт тохируулгын явцад дахин сургаж чадавхжуулахаар төлөвлөжээ. Уг үйлдвэрийн ажлын хүрээнд 1000 голчтой шугам хоолойг авто зам хаахгүйгээр газар доогуур сүвлэн барьсан бөгөөд ийм туршлага манай улсад өмнө байгаагүй аж. Дэлхийн олон улс оронд ус дамжуулахад ашигладаг уян ширмэн хоолой тавьж, үйлдвэрлэгчийн зүгээс дунджаар 100 жилийн баталгаа өгсөн байна.

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монгол Улсын Засгийн газрын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Усны Компакт гэрээгээр нийслэл Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ эх үүсвэрүүдээс гадна ус гүн цэвэршүүлэх болон дахин боловсруулах хоёр томоохон үйлдвэр байгуулав. Улмаар ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагуудын институцийн чадавхыг бэхжүүлэх, хууль, эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангахад чиглэсэн цогц хөтөлбөр хэрэгжүүлнэ. Ингэснээр Улаанбаатарын ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун зүгт өргөжин тэлэх, эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх юм. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

АНУ-тай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой 2027 онд болно1 цаг 42 минутын өмнөЦахилгаан мотор, туслах хөдөлгүүрээр тоноглогдсон мопед, унадаг дугуйн импорт сүүлийн гурван жилд 10 дахин өсжээ1 цаг 44 минутын өмнөХаягдал ус дахин боловсруулах үйлдвэр ашиглалтад ороход бэлэн болжээ1 цаг 46 минутын өмнөОюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг энэ сард үргэлжлүүлэхээр болов1 цаг 47 минутын өмнөЗэрлэг амьтдын чөлөөтэй нүүдэл хөдөлгөөнийг хязгаарлаж байсан 273 орчим метр урт хашааг буулгажээ1 цаг 49 минутын өмнө"Авлигын хэрэгтэн Ж.Мөнхбат, 60 тэрбумын Ц.Сандуй нарыг МАН буцааж авчирч. 6 их наядаар төрийг худалдаж авахад нь намын даргадаа зөвлөх гэж байгаа юм уу"3 цаг 8 минутын өмнөЭнэ жил 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна3 цаг 10 минутын өмнө"Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харууллаа"3 цаг 10 минутын өмнө"Хүүхдийн асуудлыг бага гэлтгүй ач холбогдол өгч шийдэхгүй явсны үр дүнд даамжирсаар улам хэрцгий балмад болж байна"3 цаг 12 минутын өмнө“Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд өрхийн үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ3 цаг 18 минутын өмнөХувийн нэмэлт, тэтгэврийн тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг хуралджээ3 сар 11. 12:51“Хавдар судлалын үндэсний төв 2” төслийн ТЭЗҮ-ийг эрчимжүүлэхээр тохиролцов3 сар 11. 12:51
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.