Ардчилсан Намаас Пүрэв гараг бүр зохион байгуулдаг хэвлэлийн хурал боллоо.
Тус намын дарга О.Цогтгэрэл “АН-ын шинэчилсэн бүртгэл болоод татвар төлөлтийг гуравдугаар сарын 10-ны өдрийн 00:00 цагаар тасалбар болгосон. Гэхдээ одоогоор an.mn сайт нээлттэй., бүртгэл явагдаж байгаа.
Гуравдугаар сарын 10-ны байдлаар АН-ын шинэчилсэн бүртгэлд 167,600 иргэн бүртгүүлсэн байна. Үүнээс 65 мянга нь АН-ыг шинээр сонгож бүртгүүлсэн. 100 гаруй мянга нь хуучин гишүүн үг. Үүнээс гадна мөн тийм хэмжээний хуучин гишүүн бүртгэлд хамрагдаж амжаагүй байна. Ингээд шинэ болон хуучин гишүүдээ тооцоод үзвэл АН 250 орчим гишүүнтэй болж байна гэдэг судалгааг манай багийнхан гаргасан. Энэ бол нэлээн бодитой тоо юм.
Орон нутгийн гишүүдээ бүртгэлд хамруулах шаардлага үүсэж байгаа учраас манай бүртгэл одоо ч үргэлжилж байна.
Улс төрийн намын тухай хууль их чанга хууль болсон. Яагаад гэвэл иргэн өөрөө регистрээ хийж, гар утсандаа баталгаажуулах дөрвөн оронтой код авна, үүний дараа татвараа төлснөөр шинэчилсэн бүртгэлд хамрагдаж байгаа юм. Тэгэхээр хүний өмнөөс татвар төлөх, гишүүдийн хоосон жагсаалт гаргах боломжгүй.
Сүүлийн 10 жил нэг нам дангаар эрх барьж байгаа. Гэвч эдийн засаг өсөж байна гэдэг ч иргэд нь ядуураад байдаг. Авлигатай тэмцэж байна гэдэг ч авлига нь томроод байдаг. МАН-ын үе үеийн дарга нар гарч ирээд өмнөх даргаа авлигач байсан гэдэг ч түүний дараагийн гарч ирээд авлигач байсныг нь ярьдаг. Энэ үлгэр 10 жил үргэлжилж байна. Одоо үүнийгээ зогсоо.
МАН том том авлигачдын намаасаа явуулж байна гэдэг ч зөрүүлээд хэдэн их наяд төгрөгийн авлигын хэрэгт холбогдсон Ж.Мөнхбат гэдэг хүнийг буцааж авчирч байгаа юм байна. 60 тэрбумаар төрийг худалдан авахыг санаархаж байсан Ц.Сандуй МАН-ын даргын зөвлөх болж байгаа юм байна. 600 тэрбум, 6 их наядаар төрийг худалдаж авахад нь зөвлөх гэж байгаа юм уу. Тиймээс өнгөрснийг эргэн сануулах нэг сарын аяныг АН‑аас зохион байгуулах болно" гэв.

Сэтгэгдэл бичих