АНУ-ын арми Өмнөд Солонгост байрлуулсан агаарын довтолгооноос хамгаалах THAAD (Terminal High Atitude Area Defence) системээ Ойрх Дорнод руу шилжүүлэх болсон талаар Вашингтон Пост сонин өчигдөр албаны хоёр эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.
Дайсны харвасан пуужинг сүүлчийн шатанд нь устгах зориулалттай THAAD системийг Умард Солонгосын халдлагаас хамгаалах зорилгоор Өмнөд Солонгост байрлуулж байсан юм.
Дээрх мэдээ Сөүлийн эрх баригчдын сэтгэлийг түгшээсэн байна.
Өчигдөр өглөө засгийн газрынхаа хурлын үеэр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч И Жэ Мюн “АНУ-ын зэвсэгт хүчин энд байрлаж байсан зарим агаарын довтолгооноос хамгаалах системийг өөрийн цэргийн хэрэгцээнд зориулан нүүлгэн шилжүүлэхийг эсэргүүцэж байгаагаа бид илэрхийлсэн. Гэхдээ энэ тохиолдолд бид өөрийн байр суурийг бүрэн хамгаалж чадахгүй нь бодит үнэн юм” гэж хэлжээ.
Өмнөд Солонгост одоо АНУ-ын 28,500 орчим цэрэг байрладаг бөгөөд энэ нь олон арван жилийн турш тус улсын батлан хамгаалах хүчин чадлын гол суурь болсоор ирсэн.
Гэхдээ И Жэ Мюн олон нийтийг тайвшруулахыг хичээхдээ уг алхам Умард Солонгосын эсрэг зогсох Өмнөд Солонгосын хүчийг мэдэгдэхүйц сулруулахгүйг тайлбарласан байна.
“Хэрвээ энэ нь Умард Солонгосын эсрэг зогсох бидний стратегид ноцтой нөлөө үзүүлэх үү гэвэл би үгүй гэж хэлж чадна” гэж тэр хэлжээ.
И Жэ Мюн цааш нь “Манай батлан хамгаалах салбарын төсвийн цар хүрээ, хөгжил, чадавх, цэргийн алба хаагчдын өндөр ёс суртахуун, үүрэг хариуцлагын мэдрэмжийг харгалзан үзвэл улс орноо хамгаалах чадварт санаа зовох ямар ч шалтгаан байхгүй” гэж хэлсэн байна.
Өмнөд Солонгос нь батлан хамгаалах салбарын зардлын хэмжээгээр дэлхийд эхний тавд ордог, энэ нь Умард Солонгосын дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээнээс 1.4 дахин өндөр болохыг тэр энэ үеэр дурджээ.
Мөн дэлхий дахинд олон улсын аюулгүй байдлын орчин нөхцөл өөрчлөгдөж байгаа энэ үед бие даасан батлан хамгаалах чадвараа бэхжүүлэхийн ач холбогдлыг тэр онцолсон байна.
“Хэдийгээр магадлал маш бага ч гэсэн бид олон улсын нөхцөл байдлын улмаас гаднын тусламж дэмжлэг тасалдсан тохиолдолд өөрийгөө хамгаалах байнгын бэлтгэлтэй байх ёстой. Өөрийгөө хамгаалахын тулд бие даасан батлан хамгаалах чадвараа бүрэн бэхжүүлэх шаардлагатай” гэж тэр хэлсэн байна.
Эх сурвалж: Yonhap News

Сэтгэгдэл бичих