
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн /СЭМҮТ/ Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдал, эрсдэлийн албаны
чанарын менежер, Сэтгэцийн эмч Л.Эрдэнэсувдтай ярилцлаа.
-Хүмүүс хаврын улиралд сэтгэлзүйн өөрчлөлт мэдрэх нь хэр түгээмэл байдаг вэ?
-Хүмүүсийн дунд “сэтгэцийн эмгэг хавар, намартаа сэдэрдэг”, эсвэл “хавар болохоор хүмүүсийн сэтгэл санаа их хямардаг” гэсэн түгээмэл ойлголт байдаг. Мөн хавар болоход “хаврын ядаргаа” ихэсдэг гэж ярьдаг шүү дээ. Улирал солигдох үед хүний бие махбод, сэтгэл зүй тодорхой хэмжээнд өөрчлөлтөд орж, илүү эмзэг болох тохиолдол байдаг гэж судлаачид үздэг. Ялангуяа өвлийн урт, хүйтэн улирлаас илүү урин дулаан цаг руу шилжих энэ үед хүний биеийн дасан зохицол явагддаг. Энэ шилжилтийн үед зарим хүмүүст ядаргаа, нойрны өөрчлөлт, сэтгэл санааны савлагаа зэрэг бие махбод болон сэтгэл зүйн хариу урвалууд ажиглагдах нь бий. Нөгөө талаас хавар болохоор хүмүүсийн сэтгэл санаа сэргэж, эрч хүч нэмэгдэнэ гэсэн ойлголт ч байдаг. Гэхдээ бодит байдал дээр хүн бүрт адилхан нөлөөлдөггүй. Зарим хүмүүс илүү идэвхтэй, сэргэлэн болдог бол зарим нь эсрэгээрээ сэтгэл санаа доройтож, ядрах, гутрах мэдрэмж илүү мэдрэх тохиолдол байдаг.
Зарим судалгаагаар хаврын улиралд хүний биед ялгардаг биологийн идэвхт бодисуудын хэмжээ өөрчлөгдөж, дааврын зохицуулалт шинэ нөхцөлд дасан зохицох явц явагддаг гэж тайлбарладаг.
Үүнээс шалтгаалан зарим хүмүүс илүү эрч хүчтэй болж, өвлийн улиралд байсан идэвх сул байдал багасах нь бий. Харин зарим хүмүүст эсрэгээрээ ядарч сульдах, нойр хямрах, сэтгэл санаа тогтворгүй болох зэрэг өөрчлөлт илэрч болно. Ерөнхийдөө улирлын өөрчлөлтөд хүмүүсийн үзүүлэх хариу урвал нь хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалдаг гэж үздэг. Тухайлбал, тухайн хүний хувь хүний онцлог, насны онцлог, бие махбодын байдал, хүйс зэрэг нь тодорхой хэмжээгээр нөлөөлж болзошгүй. Мөн өмнө нь сэтгэл зүйн эмзэг байдалтай байсан эсэх, амьдралын хэв маяг, нойр амралт, стрессийн түвшин зэрэг хүчин зүйлс ч нөлөөлөх боломжтой байдаг. Тиймээс хаврын улиралд зарим хүмүүст илүү эрч хүч нэмэгдэж, идэвх сэргэдэг бол зарим хүмүүст ядаргаа, сэтгэл санааны өөрчлөлт илүү мэдрэгдэж болох бөгөөд энэ нь хүний бие махбод улирлын өөрчлөлтөд дасан зохицож буйтай холбоотой гэж тайлбарладаг.
-Тэгэхээр хүмүүсийн ярьдаг “хаврын синдром” гэдэг ойлголт үнэхээр байдаг зүйл үү? Эсвэл зүгээр хүмүүс улирлын өөрчлөлтөд орж байгаагаа тэгж нэрлэдэг хэрэг үү?
-Яг бидний өдөр тутамдаа “хаврын синдром” гэж ярьдаг энэ ойлголт шинжлэх ухааны хувьд тодорхой нэг шалтгаанаас болж ингэж өөрчлөгддөг гэсэн бүрэн батлагдсан зүйл биш юм. Өөрөөр хэлбэл, хавар болохоор заавал сэтгэцийн эмгэг ихэсдэг, эсвэл хүмүүсийн сэтгэл санаа тодорхой байдлаар өөрчлөгдөнө гэсэн баталгаатай дүгнэлт байдаггүй.
Жишээлбэл, амбулаториор үзүүлж байгаа болон хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүсийн тоог улирлаар нь харьцуулж үзэхэд зөвхөн хаврын улиралтай шууд холбоотойгоор огцом нэмэгддэг гэсэн тодорхой өөрчлөлт ажиглагддаггүй.
Харин өөр төрлийн нөхцөл байдалтай холбоотой өөрчлөлтүүд илүү ажиглагдах нь бий. Тухайлбал, баяр ёслолын дараа, олон хоног амарсны дараах үед зарим өвчлөл, ялангуяа донтох эмгэгтэй холбоотой асуудлаар тусламж авах хүмүүсийн тоо нэмэгдэх нь бий. Жишээ нь, Цагаан сарын дараа хүмүүсийн архи согтууруулах ундааны хэрэглээ нэмэгдсэнээс үүдэлтэй асуудлууд ажиглагддаг. Мөн олон баяр дараалж тохиолдох үед ч ийм байдал ажиглагдаж болно. Мөн Мартын 8, Цэргийн баяр зэрэг олон баяр дараалан тохиолдох үед, эсвэл томоохон баяр наадмын үеэр архины хэрэглээнээс шалтгаалсан эрүүл мэндийн асуудлаар тусламж авах хүмүүсийн тоо нэмэгддэг. Түүнчлэн хаврын улиралд ажиглагддаг өөр нэг зүйл бол хүмүүсийн ярьдгаар “архаг ядаргаа”, “мэдрэл сульдал” гэж нэрлэгддэг байдал юм. Өөрөөр хэлбэл, хүмүүс ядрах, сульдах, анхаарал төвлөрөл буурах, бие сэтгэлээрээ ядрамтгай болох зэрэг зовиур илэрч, үүнтэй холбоотойгоор эмнэлгийн тусламж авах тохиолдол тодорхой хэмжээнд нэмэгдэх нь бий.
-Хүмүүс мөн “хавар болохоор сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийн өвчин сэдэрдэг” гэж ярьдаг шүү дээ. Энэ үнэн үү?
-Хаврын улиралд сэтгэцийн эмгэг сэдэрдэг гэж баттай хэлэх боломжгүй. Сэтгэцийн эмгэг сэдрэхэд маш олон хүчин зүйл нөлөөлдөг. Тухайлбал, тухайн хүний сэтгэл санааны байдал, бие махбодын байдал, стресс, амьдралд тохиолдсон үйл явдал, эмийн эмчилгээгээ таслах зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Тиймээс зөвхөн улирлын өөрчлөлтөөс болж өвчин сэдэрдэг гэж шууд хэлэх боломжгүй.
-Тэгвэл хүн өөрийнхөө сэтгэлзүйг хэрхэн ажиглаж, хэзээ мэргэжлийн эмчид хандах ёстойгоо яаж мэдэх вэ?
-Сэтгэцийн эрүүл мэндийн байдлаар нь хүн амыг сэтгэцийн хувьд эрүүл хүн, сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай хүн, сэтгэцийн эмгэгтэй хүн гэсэн гурван бүлэгт хуваан авч үздэг. Дийлэнх хүн ам сэтгэцийн хувьд эрүүл хүмүүс байдаг. Өөрөөр хэлбэл, нийгэмд тодорхой хэмжээгээр хувь нэмрээ оруулж, сургууль, ажил, гэр бүлийн орчин болон амьдралын нөхцөл байдалдаа дасан зохицож, өдөр тутмын үүргээ хэвийн гүйцэтгэж чаддаг хүмүүсийг сэтгэцийн хувьд эрүүл гэж үздэг. Харин тулгамдсан асуудалтай хүмүүс гэдэг нь сэтгэл зүйн хувьд түр зуурын хямралд орсон хүмүүсийг хэлнэ. Энэ нь ихэвчлэн амьдралд тохиолдсон таагүй, стресс үүсгэх хүчин зүйлээс шалтгаалдаг. Жишээлбэл, тодорхой асуудлын улмаас сэтгэл санаа гуниглах, уйтгарлах, уурлах, гомдох, бухимдах, эсвэл анхаарал төвлөрөхөд хүндрэл гарах зэрэг хариу урвал илэрч болно. Ийм хариу урвалууд нь тухайн хүн асуудлаа даван туулж, нөхцөл байдалдаа дасан зохицох үед аажмаар намжиж хэвийн байдалдаа ордог. Гэвч зарим тохиолдолд тулгарсан асуудал нь тухайн хүний даван туулах чадвараас хэтэрч, удаан хугацаанд үргэлжилбэл сэтгэл зүйн хямрал гүнзгийрч, улмаар сэтгэцийн эмгэгийн хэлбэрт шилжих эрсдэлтэй болдог.
Тухайлбал, удаан хугацаанд стресс үргэлжлэх, сэтгэл санааны хямрал шийдэгдэлгүй удах, эсвэл асуудлаа даван туулахын тулд архи, тамхи зэрэг бодис хэрэглэх зэрэг нь цаашлаад донтох эмгэг үүсэх нөхцөл болж болно.
Ер нь хүний амьдралд стресс, таагүй үйл явдал тодорхой хэмжээгээр байнга тохиолддог. Харин түүнийг яаж зөв аргаар даван туулах вэ, өөрт илэрч байгаа сэтгэл зүйн хариу урвалыг хэрхэн зохицуулах вэ гэдэг нь маш чухал байдаг. Хэрэв хүн энгийн аргуудаар өөрийн сэтгэл зүйн байдлыг зохицуулж чадахгүй, эсвэл асуудал удаан хугацаанд үргэлжилж байгаа бол мэргэжлийн сэтгэл зүйч, сэтгэцийн эмчид хандаж зөвлөгөө авах нь зүйтэй. Тусламжийг цаг алдалгүй авч чадвал сэтгэцийн эмгэг үүсэхээс урьдчилан сэргийлэх боломжтой. Харин асуудлаа удаан хугацаанд үл тоомсорлож, даван туулж чадахгүй явбал нөхцөл байдал улам хүндрэх эрсдэлтэй тул мэргэжлийн тусламж авах нь хамгийн зөв сонголт болдог.
-Өдөр тутамдаа стрессээ тайлахын тулд ямар энгийн арга хэрэглэж болох вэ? Жишээлбэл, нарны гэрэл, байгальд гарах зэрэг нь үнэхээр тустай юу?
-Стресс тайлах, сэтгэл санаагаа дэмжих олон энгийн арга бий. Хамгийн гол нь тухайн хүн өөрийн онцлог, боломж нөхцөлдөө тохирсон аргыг сонгож хэрэглэх нь чухал. Жишээлбэл, байгальд гарах, наранд алхах, ууланд алхах, дуртай номоо унших, биеийн тамирын дасгал хийх зэрэг нь сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлдэг. Ялангуяа нарны гэрэл нь хүний сэтгэл зүйд эерэг нөлөө үзүүлж, сэтгэл санааг сэргээхэд тодорхой хэмжээгээр тустай гэж үздэг.
Мөн хүн өөрийг нь тайвшруулж, анхаарлыг нь өөр зүйлд төвлөрүүлэх боломжтой зүйлийг сонгох нь үр дүнтэй байдаг. Өөрөөр хэлбэл, тухайн үйлдлийг хийж байх үедээ асуудалд хэт төвлөрөхгүй, сэтгэл санаа нь тайвширч чаддаг байх нь чухал.
Гэхдээ хамгийн чухал зүйл бол тууштай байдал юм. Зарим хүмүүс дасгал хөдөлгөөн хийж эхэлдэг ч хэсэг хугацааны дараа орхих нь бий. Тийм тохиолдолд үр дүн төдийлөн гарахгүй. Харин өөрт тохирсон аргыг сонгон, тодорхой хугацаанд тогтмол, тууштай хэрэгжүүлж чадвал сэтгэл санаанд эерэг өөрчлөлт гарах боломж илүү байдаг.
-Нийгмийн ямар бүлгийн хүмүүс илүү их сэтгэл санааны өөрчлөлтөд өртөх магадлалтай байдаг вэ?
-Манайд энэ талаар нарийвчилсан судалгаа хийгдээгүй учраас яг тодорхой хэлэхэд хэцүү. Гэхдээ ерөнхийдөө оюуны ачаалал ихтэй, ажлын стресс ихтэй, олон хүнтэй харилцдаг мэргэжилтэй хүмүүс стрессийн шалтгаантай сэтгэлзүйн өөрчлөлтөд өртөх магадлал илүү байдаг. Гэхдээ дээр дурдсанчлан хүн бүрийн онцлог өөр.
Энгийнээр ойлговол, нэг ижилхэн нөхцөл байдал хоёр хүнд тохиолдлоо гэж бодъё. Нэг нь тэр асуудлыг маш эмзэг хүлээж авч, сэтгэл санаагаар хүчтэй хямарч болно. Харин нөгөө нь бараг юу ч болоогүй мэт тайван хүлээж авах тохиолдол байдаг.
Энэ ялгаа нь хувь хүний онцлог, өөрөөр хэлбэл тухайн хүний аливаа зүйлд хариу үйлдэл үзүүлэх босготой холбоотой. Зарим хүмүүсийн хувьд тэр босго намхан байдаг учраас харьцангуй жижиг асуудлыг ч илүү хүчтэй хүлээж авч, сэтгэл санааны хувьд ихээр эмзэглэх хандлагатай байдаг. Харин зарим хүмүүсийн хувьд энэ босго өндөр байдаг тул адилхан нөхцөл байдалд төдийлөн ач холбогдол өгөхгүй, тайван хүлээж авах боломжтой байдаг.
Үүнтэй адил улирал солигдох үед илрэх сэтгэл зүйн өөрчлөлтүүд ч хувь хүний онцлогтой тодорхой хэмжээгээр холбоотой байдаг. Зарим хүмүүс улирлын өөрчлөлтийг илүү мэдрэг хүлээж авч, ядарч сульдах, сэтгэл санаа тогтворгүй болох зэрэг өөрчлөлт илүү мэдрэгдэж болно. Харин заримд нь бараг мэдэгдэхгүй өнгөрөх тохиолдол ч байдаг. Тиймээс хаврын улиралд ядарч байна, сэтгэл санаа өөрчлөгдөж байна гэж мэдрэх үедээ шууд “би өвдөж байна” гэж бодохоос илүү, бие махбод болон сэтгэл зүй шинэ нөхцөлд дасан зохицож байгаа байж болохыг ойлгох нь чухал.
-Хүмүүс бие махбодын ядаргаа болон сэтгэл санааны өөрчлөлтийг яаж ялгаж ойлгох ёстой вэ?
-Ядарч сульдах гэдэг нь оюуны болон бие махбодын аль алинд илэрч болно. Оюуны ядаргаа гэдэг нь тухайн хүний хийж байгаа ажлын бүтээмж буурах, анхаарал төвлөрөл муудах гэх мэт байдлаар илэрдэг. Харин бие махбодын ядаргаа нь ядрах, сульдах, эрч хүчгүй болох зэрэг байдлаар мэдрэгдэнэ. Мөн үүнтэй хамт сэтгэл хөдлөлийн талаас өөрчлөлтүүд гарч болно. Жишээлбэл, илүү эмзэг болох, амархан уурлах, гомдох, баярлах зэрэг сэтгэл хөдлөлүүд арай илүү хэлбэлзэх тохиолдол байдаг.
Эдгээр өөрчлөлт нь улирлын шилжилтийн үед тодорхой хэмжээнд илэрч болох хэвийн зүйл. Тиймээс ийм үед заавал эмчилгээ хийх шаардлагагүй.
Жишээлбэл, бага зэрэг ядарч сульдах, ажлаа хийх хүсэл багасах, залхуурах, нозоорох зэрэг зүйл илэрч болно. Энэ нь улирал солигдож байгаатай холбоотойгоор бие махбод дасан зохицож байгаа хэвийн процесс юм. Энэ байдал нь ихэвчлэн богино хугацаанд үргэлжилдэг. Хаврын улирал олон сарын турш үргэлжилдэг зүйл биш. Өвлөөс дулаан улирал руу шилжиж байгаа тэр богино хугацаанд илэрч байгаад аяндаа хэвийн болдог.
Тиймээс заавал эмчилгээ шаардлагатай гэсэн үг биш. Харин бидний хэлээд байгаа энгийн аргууд нь тухайн хэвийн өөрчлөлтийг илүү хөнгөн даван туулах, бие махбодыг дасан зохицоход туслах зорилготой юм. Жишээлбэл, дасгал хөдөлгөөн хийх, зөв хооллох, сайн унтаж амрах зэрэг нь маш чухал. Эдгээр нь бие махбод улирлын өөрчлөлтөд илүү амархан дасан зохицоход тусалдаг. Хэрэв энэ байдал удаан хугацаанд үргэлжилж, хүний өдөр тутмын амьдрал, ажлын бүтээмжид ноцтой нөлөөлж эхэлбэл мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах нь зүйтэй.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ
Эх сурвалж: news.mn

Сэтгэгдэл бичих